Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив
Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан юм.
Улс орны эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулж байгаа. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Мөн валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч илтгэлдээ онцоллоо.
Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 8.1 хувьтай гарсан. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан мах, хатуу түлшний үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байгаа гэдгийг тэрбээр танилцуулсан юм.
Сүүлийн гурван жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг болсон. Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн хоёр жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого сайжирсан, ажил эрхлэлт нэмэгдэн ажилгүйдлийн түвшин буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч сэргэлт бий болсны илэрхийлэл юм гэдгийг бас дурдлаа.
Макро эдийн засгийн гүйцэтгэлийн тухайд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018, 2019 онд сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлогын түвшний оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж буй реформ, гадаад эдийн засгийн харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байсан хэмээн дүгнэжээ. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлж байв. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсчээ.
Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл таатай болоход бодит нөлөө үзүүлсэн байна. Энэ оны 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж.
Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй болж байгаа. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7 хувь болж, өнгөрсөн оны эцэст 50 гаруй хувьд хүрч байсан түвшнээсээ буурчээ. Түүнчлэн бизнесийн болон жижиг, дунд бизнесийн зээл өмнөх оны түвшнээс 51 хувиар өссөн байна. Эдийн засаг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхай төдийгүй бүхий л салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд үргэлжлэх төлөвтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурдав.
Энэ мэтээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, баталгаажуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал. Иймд Төв банк макро эдийн засаг дахь эерэг үр дүнг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлууд тусгагдсан. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл 2020 онд тавигдана. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам болох юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолж байв.
Түүнчлэн манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг. Нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2010 оноос хойш 4 дахин нэмэгдсэн бөгөөд ирэх таван жилд хийгдэх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс даруй 3.5 дахин өндөр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг ихээхэн нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулах эрсдэлтэй юм. Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн секторын дархлааг нэмэгдүүлэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, санхүүгийн салбарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн чухал зорилт болж буйг тэрбээр дурдсан юм.
Хэдийгээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, өсөлт сэргэж байгаа ч эргэн төлөлтийн доголдолтой зээлийн хэмжээ буурахгүй байна. Тухайлбал, банкны салбарын анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх жилийн мөн үеэс 26.0 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 41.2 хувиар өслөө. Чанаргүй зээл өсөхөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээлийн чанар үргэлжлэн муудаж байгаа нь голлох нөлөө үзүүлсэн байна. Банкны системд хуримтлагдаад буй чанаргүй зээл нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахааргүй байгаа ч эдийн засгийн хүндрэлийн үед системийн хэмжээнд чанаргүй актив хурдтай нэмэгдэхээс сэргийлэх, нэгэнт үүссэн чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт бий болгох зорилт тулгарч байгаа. Үүний зэрэгцээ санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийг тогтмол хянаж, бодит эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг урьдчилан тооцох, санхүүгийн системийн эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх, түүний мөчлөг дагасан байдпыг сааруулж, дотоод эмзэг байдлыг бууруулах, системийн тодорхой нэг хэсэгт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн макро зохистой бодлогыг үргэлжлүүлж, мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ.
Гадаад өрийн эргэн төлөлт, “саарал жагсаалт” гэх зэргээр сорилтууд тулгарч байгаа энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага манай улсын өмнө тулгарч байна. Тиймээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулж, идэвхтэй хамтран ажиллах шаардлага хэвээр байгааг мөн дурдлаа.
Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа Монгол Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.
Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах; саарал жагсаалттай холбоотойгоор эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, шаардлагатай арга хэмжээг төсөлд нэмж тусгах; гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн эргэн төлөлтийн асуудлыг анхаарах; зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх; ипотекийн зээлийн талаар нэгдсэн бодлоготой байж, зээлийг зорилтот бүлэгт хүргэх; банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх зэрэг санал гаргасан байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар Монголбанкны ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр нар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтов.
Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Иймээс ирэх онд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахаар тусгажээ. Энэ үндсэн дээр банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах зорилгоор Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, Банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.