Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.
Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа, тус асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оол нар ярилцсан асуудлуудын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, шат шатандаа нягт, эргэх холбоотой хамтран ажиллахаар болов.