-Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв-
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулжээ. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга нь арилжааны болон тансаг зэрэглэлийнх биш бөгөөд дунджаар 55-60 ам метр талбайтай, нийтдээ 550 орчим айлын орон сууц баригдана, барилгын нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Хотхон барихад шаардлагатай материал, түүхий эдийг аль болохоор дотоодын зах зээлээс авна, гэхдээ зайлшгүй шаардлагатай зарим материалыг импортоор авахаас аргагүй байгаа. Эхний ээлжид төслийн баг болон ажилчид байрлах бөгөөд ирээдүйд боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон болж өргөжих юм гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Дараа нь "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Уг хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны санхүүжилтийн нийт төсөвт өртөг 57.8 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2.8 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал энд яригдаж байгаа. Үйлдвэрийн дэд бүтэц, ажилчдын орон сууцны асуудлыг Монгол Улс хариуцахаар гэрээнд тусгагдсан. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.
Ингээд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо дахин хэлэлцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.
Үргэлжлүүлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Хуулийн төслийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулийг шинэчлэн найруулжээ.
Шинэчлэн найруулсан уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “”Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ””, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заажээ. Энэ үндсэн дээр Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа аж.
Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/”, “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/", Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа. Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан “Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, чөлөөт бүс байгуулах тухай баримт бичиг батлагдаад олон жил өнгөрсөн, энэ асуудлыг бараг 30-аад жил ярьж байгаа ч бодитой үр дүн гараагүй өнөө хүрсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж, энэ хэрээр эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлагатай болоод байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн тухайд дэд бүтцийн ажил хийгдээд үндсэндээ дуусаж байгаа. Одоо тээвэр ложистикийн дэд бүтцийг чөлөөт бүстэй холбох ажил хийгдэнэ. Энэ асуудалд Азийн хөгжлийн банк оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэ бүсэд ямар ямар үйлдвэр байх вэ гэдэг нь хууль соёрхон батлагдсаны дараа тодорхой болно. Асуудлыг аль болохоор цогц байдлаар нь авч үзэхээр хоёр тал ярилцаж байгаа гэдгийг хэлж байв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.