Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Исью Сугавара сонгогчдын саналыг хахуульдаж авсан гэх дуулианаас болж огцорч буйгаа өнөөдөр /2019.10.25/ мэдэгдэв. “Би огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Абэ Шинзод өгсөн. Өнөөдөр парламентын төсвийн хорооны ажил эхэлж байгаа бөгөөд тус хорооны ажил миний нөхцөл байдлыг хэлэлцэж удаашрах ёсгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.Энэ сарын эхээр "Сюкан Бунсюн" сонин Сугаварагийн штаб сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдод амтат гуа, оршуулгын ёслолд ашигладаг хүж, цэцэг зэрэг жижиг бэлгийг өгсөн тухай мэдээлэл нийтэлжээ..Сугавара Эдийн засгийн сайдын албыг хашаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрбээр Ерөнхий сайд Абэ Шинзогийн есдүгээр сарын дундуур хийсэн томоохон халаа сэлгээний дараа энэ албанд томилогдсон юм. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сугаварагийн огцрох хүсэлтийг хүлээн авсан гэдгээ мэдээлээд ард түмнээсээ уучлал гүйсан байна. "Ису Сугавараг томилсон хариуцлагыг би үүрч байна.Тиймээс би Японы ард түмнээс уучлалт гуйж байна" гэж Абэ онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Эдийн засгийн шинэ сайдаар эрх баригч Либерал Ардчилсан намын ахмад гишүүн Кажияма Хироши болно гэж мэдэгджээ.