Сирийн зүүн хойд хэсэгт байлдааны үйл ажиллагаа явуулж буй Туркийн арми цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Эсперийн хэлснээр Туркийн армийнхан энгийн иргэд болон курдын зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн дайчдын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээллийг авчээ. “Бид мэдээллийг судалж байна. Үнэхээр аймшигтай мэдээлэл. Хэрэв эл мэдээлэл үнэн бол, бид үнэн гэж бодож байгаа, түүнийг цэргийн гэмт хэрэг гэж үзэж болно. Гэм буруутай хүмүүс шийтгэл хүлээх ёстой гэж би бодож байна. Зарим тохиолдолд Туркийн засгийн газрыг ч буруутгаж болох юм” гэж тэрбээр ярьжээ. Сүүлийн үед Сири дэх Туркийн байлдааны үйл ажиллагааны тухай аймшигтай дүрс бичлэгүүд гарах болсон байна. Туркийн дэмжлэгийг авсан зарим дайчид цэргийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Дүрс бичлэгт ямар ч дайнд байдаг үхэл, аллага биш харин илүү аймшигтай харгислал, хэт радикал үйлдлүүдийг үзүүлжээ. Бичлэгүүдийг тэдгээр зэвсэгт дайчид өөрсдөө хийж нийгмийн сүлжээнд байрлуулсан аж.