Манай улсын био бэлдмэлийн цор ганц үйлдвэр 10 жил хаалттай байж байгаад өчигдөр үүдээ дахин нээлээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүн амыг эрүүлжүүлэх зорилгоор 1932 онд уг үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Эрдэмтэн, судлаачдын долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр тус үйлдвэрт цагаан цэцэг өвчний эсрэг вакцин гарган авч, 1940 онд уг өвчнийг бүрэн устгасан. Улмаар 1955 онд сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс, 1957 онд галзуу өвчний вакцин, 1960 онд сийвэн нөхөх, сэлбэх шингэн гээд олон төрлийн вакцин, био бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэж байжээ. Гэвч 2010 онд байр, тоног төхөөрөмж нь хуучирснаас тус үйлдвэрийг хаасан. Тэгвэл дахин нээснээр хүн амд нэн шаардлагатай, бөөр нөхөх альбумин, дархлаа сэргээх иммуноглобулин, гистамин, галзуу, хижиг, элэгний вирус устгах вакцин зэрэг 25 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэв.
Тэдгээр бүтээгдэхүүнийг манай улс гадаадаас өндөр үнээр авдаг. Харин дотооддоо үйлдвэрлэдэг болсноор эрүүл мэндийн салбарын төсвийг хэмнэхээс гадна, иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгах зэрэг давуу талтай. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нэгэнт бий болсон үйлдвэрийг 10 жил хаалттай байлгалаа. Дахиж хаалгыг нь бариулахгүйн төлөө ажиллана. Чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдүүлнэ” гэсэн юм. Олон улсын стандартыг хангасан орчинд, монгол хүний бие махбодын онцлогт тохирсон, боломжийн үнэтэй эм, бэлдмэлүүдийг энд үйлдвэрлэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Жишээ нь, альбумин эм гэхэд өдгөө 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Эл үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрвэл дээрхээс 10-30 дахин хямдаар альбумины нийт хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой юм байна. Тус үйлдвэр 2021 он гэхэд альбумин, иммуноглобулин, гистамины дотоодын хэрэгцээний 20-30 хувийг ханган, бусад био бэлдмэл үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: П.Сүрэн