Царай нь хэзээний хөгшин хүнийх шиг үрчгэр, хэвлий цанхгар, мөчид нь нарийн, эцэнхий. Гарын алга, хөлийн ул, үе нь битүү цэврүүтсэн, харахад нүд халтирам ийм төрхтэй хүүхэд мэндлэх нь олширчээ. Тэд бол тэмбүүтэй нялхас. Өөрөөр хэлбэл, эцэг, эхээсээ уг өвчний халдварыг тээж ирсэн өрөвдөлтэй хүүхдүүд. Эхийнх нь өвчний үе шат, урхгаас хамаараад ураг хүн болох, цаашлаад амьдрах, үгүй нь шийдэгддэг. Гэхдээ олонх нь эцэг, эхийнхээ нүглийг “үүрээд” бурхны оронд оддог нь эмгэнэлтэй. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. 2019 он дуусахад гурван сар дутуу байхад өвчлөл ийм өндөр гарсанд мэргэжлийнхэн толгой сэгсрэх. Учир нь өнгөрсөн онд ийм өвчтэй 49 хүүхэд төржээ. Тэгвэл он гарснаас хойш бүртгэгдсэн эдгээр 52 тохиолдлын 20 нь амьгүй, ес нь төрөөд нас барсан байна.
Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй нь тоон үзүүлэлтийг ийн нэмэхэд хүргэжээ. Үлдсэн нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй гэнэ. Ногоо тарих гэж буй биш, бүхэл бүтэн хүн тээж байж ийм хэнэггүй, арчаагүйд нь эмч нар эгдүүцдэгээ нуугаагүй.
“Өнөөдөр” сонин 2012 оноос хойш тэмбүү үүсгэгч цайвар трепонем бактерийн балаг, хор уршиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, эрүүл мэндийн салбарын эдийн засагт учруулах дарамт, цаашлаад монгол хүний удмын санд хэрхэн хар тамга дарж буйг хөндсөөр ирсэн. Энэ удаад бид төрөлхийн тэмбүүгийн оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмж ямар байгааг, ер нь ийм өвчтэй төрсөн хүүхэд эдгэрч, хүн болдог, эсэхийг тодруулахыг зорилоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч, клиникийн профессор М.Тунгалагаас энэ талаар тодруулахад “Төрөлхийн тэмбүүг ургийн буюу эхийн хэвлий дэх, 0-2 нас буюу хөхүүл, бага насны, түүнээс дээш илэрснийг нь хожуу үеийнх гэж ангилдаг. Гэхдээ манайд одоогоор хожуу үеийн тэмбүү оношлогдоогүй. Ургийн болон 0-2 насны, хөхүүл хүүхдэд илэрснийг нь оношилж, эмчилж байна. Бүр тодруулбал, нэгээс дээш насанд илэрсэн тохиолдол ч гараагүй. Хамгийн хожуу илэрсэн нь 2015 онд дөрвөн сар гарантай хүүхэд тэмбүүгийн халдвартай нь оношлогдсон. Дэлхийд төрөлхийн тэмбүүгийн халдварын дөрвөн үзүүлэлтийг бүртгэдэг. Үүнд жирэмсний хожуу үе (13-21 долоо хоногтой)-ийн зулбалт, амьгүй төрөлт, нас баралт, амьд буйг нь тоолж, нэгтгэдэг. Манай улс үүнээс жирэмсний хожуу үед зулбасан тохиолдлоос төрөлхийн тэмбүүг илрүүлж, бүртгэж чадахгүй байгаа. Гэхдээ дээрх гурван үзүүлэлтийг нэгтгэдэг болсон нь тоон мэдээллийг илүү нарийн гаргаад зогсохгүй цаашид хожуу үед зулбасан тохиолдлыг бүртгэх боломж бүрдсэн. ХӨСҮТ-ийнхөн 2015 оноос хөөцөлдөж, судалсаар хоёр жилийн өмнөөс тэмбүүгийн амьгүй төрөлтийг бүртгэдэг болсон юм. Мэдээж амьгүй төрсөн “хүүхэд” бүрээс сорьц авч, оношийг баталгаажуулна гэдэг амаргүй. 2018 оноос гэрийн төрөлтийг ч бүртгэж байна. Олон улсад трепонемын халдвартай хүүхдүүдийг нэг ижил стандартаар эмчилдэг. Монгол Улсад ч ялгаагүй” гэсэн юм.
Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн трепонемын халдвартай хүүхэд гаднах төрхөөрөө бусдаасаа ялгарах хэмжээнд хүрсэн нь эрт үед халдвар авсны “гэрч” аж. Харин илэрхий шинж тэмдэггүй нь хожуу үед өвчин тээсэн байх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, эх жирэмсний хяналтад байх хугацаандаа тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээг хоёр удаа өгөх заалттай бөгөөд эхнийх нь сөрөг (халдваргүй), дараагийнх нь эерэг, эсвэл хоёр шинжилгээ нь сөрөг гарсан хэрнээ хүүхэд нь шинж тэмдэггүй, эрүүл мэт төрөх тохиолдол мэр сэр гардаг гэнэ. Энэ тохиолдолд халдвар оношлогдохгүй, “бултах” эрсдэл гардгийг эмч нар анхааруулсан. Гэхдээ удалгүй хүүхдийн биеэр цэврүүтэй тууралт гарч, эд, эрхтнүүд нь гэмтэн, эмнэлэгт хүргэгддэг байна.
Тэмбүүтэй хүүхдийн олонх нь уушгины хатгалгаатай төрдөг аж. Үүнийг эмч нар “Тэмбүүгийн үеийн цагаан хатгалгаа” гэж нэрлэдэг. Үүнээс гадна элэг, дэлүү нь томорсон, бие нь тэр чигтээ усан хавантай, уушги, зүрх, бөөр гээд цул эрхтэн нь гэмтсэн байдаг учир харамсалтай нь, хүн болох хувь дутдаг байна. Цайвар трепонем нь хүний амьдралын чухал эрхтнүүдэд “дуртай”, тэнд үрждэг, хорчин бактери гэдэг нь үүнээс харагдана. Цаашлаад тархи, нуруу, нугас, нүд, сонсгол гээд гэмтээхгүй эрхтэн гэж үгүй.
Төрөлхийн гажиг, бусад халдварт өвчин ихсээд, ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа бол төр, засаг, эрүүл мэндийн салбарынхныг буруутгаж болох ч тэмбүүтэй хүүхдийн өмнө эцэг, эх нь хариуцлага хүлээх ёстой. Тэдний буруу учраас. Гэвч манайд одоогоор үр удамдаа үхлийн өвчин халдааж, эрүүл мэнд, аминд нь халдаж буй эцэг, эхчүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага алга. Он гарснаас хойш 59 618 эх жирэмсний хяналтад орсны 925 нь тэмбүүгийн шинжилгээнд огт хамрагдаагүй. Шинжилгээ хийлгэсэн эхчүүдийн 1151-т нь трепонем эерэг “зааж”. Үүнээс гадна жирэмсний хяналтад ороогүй эх цаана нь хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Эдгээр хэнэггүйчүүдийн хэд нь хүүхдэдээ тэмбүүгийн нян халдаах бол.
Төрөх болохоороо л эмнэлэгт ханддаг арчаагүй нь дэндсэн эхчүүд цөөнгүйг М.Тунгалаг эмч хэлсэн. Тэрбээр “Төрөхөөр өвдөөд ирсэн эхийг жирэмсний хяналтад орсон, үгүйг хамгийн түрүүнд нягталдаг. Эх тэмбүүгийн нянтай бол хүүхэд дутуу төрөх, тээлтийн дундуур зулбах нь элбэг тул андашгүй. Хяналтад ороогүй, эсвэл халдвар тодорхойлох шинжилгээ өгөөгүй бол амаржих газрууд Хүлээн авах тасагтаа тэмбүүгийн түргэвчилсэн тестээр шалгадаг. Хариу нь эерэг гарсан тохиолдолд ээжээс сорьц авсны дараа эмчилгээний эхний тунг хийнэ. Эх, хүүхдийн эцсийн оношийг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулдаг. Ингээд шинжилгээний хариу гарсны дараа анхны халдвар уу, эсвэл өмнө нь өвчлөөд эдгэрсэн үү, жирэмсний аль хугацаанд трепонемд “найр тавьсныг” асуумж, бусад оношилгоонд үндэслэн тодруулна. Серелогийн болон иммунологийн шинжилгээнээс гадна өнгөрсөн зургадугаар сараас манайх PCR-ын гинжин урвалын оношилгооны арга нэвтрүүлсэн.
Нярайд бол урт чөмөгт ясны рентген, тархи, нугасны шингэний болон цусны ерөнхий шинжилгээ хийдэг. Эх, хүүхэд тэмбүүтэй нь оношлогдвол амаржих газруудад харьяаллынх нь дагуу дүүргийн бэлгийн замын халдварын эмч нар очиж, эмчилгээг нь удирддаг. Харин ЭХЭМҮТ-д ийм өвчтэй байж болзошгүй шинж тэмдэгтэй төрсөн хүүхдүүдийг би очиж, үздэг. Онош нь баталгаажсан хүүхдийн эмчилгээ, хяналт зэргийг манайхаас удирдана. Ээжийг нь эрүүлжүүлж, хавьтагчийг илрүүлэх нь ч бидний үүрэг. Гэхдээ хүүхэд эмнэлгээс гарсан тохиолдолд эхийн эмчилгээ, хяналтыг харьяа дүүрэг, өрхийн эмчид нь шилжүүлдэг. 21 аймаг, нийслэлд бүртгэгдсэн төрөлхийн тэмбүүгийн бүх тохиолдлын эцсийн оношийг манайх тавьдаг тул улсын хэмжээний тоон мэдээлэл зөрдөггүй. Жишээлбэл, есдүгээр сарын 25-ны байдлаар гэхэд эрүүл мэндийн 20 байгууллагаас 185 сорьц ирүүлснээс 54 нь эерэг үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, эх, хүүхэд хоёулаа, эсвэл аль нэг нь халдвартай гэсэн үг” хэмээв.
Жирэмсний гурван сартайгаас эхэс үүсдэг бөгөөд энэ үед эх, ургийн цусны эргэлт нэг болдог байна. Халдвартай эх үүнээс өмнө жирэмсний хяналтдаа хамрагдчихвал урагт халдвар дамжихгүй, эмчлүүлэх боломжтой гэсэн үг. Үүнээс оройтвол эрсдэл өндөр. Хэдийгээр ээж эмчлүүлсэн ч төрсний дараа хүүхдийг нь эмчийн хяналтад байлгаж, урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийдэг аж. Харин халдвартай төрсөн хүүхдийг хоёр нас хүртэл нь ЭХЭМҮТ, ХӨСҮТ болон дүүргийн эмнэлгүүдийн хяналтад байлгадаг юм билээ. Эмчилгээ нь хэр үр дүнтэй байгааг энэ хугацаанд зургаан удаагийн бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг.
Эх нь өвчтэй бол хүүхэд халдвар аваагүй ч шинжилгээгээр цусанд нь трепонем эерэг “заадаг” аж. Гэхдээ нэг сарын дараачаас өөрийнх нь цусны эргэлт буй болохоор шинжилгээний хариу сөрөг гардаг байна. Хамгийн гол нь эхийн өвчний үе шатаас хамаарч, хүүхдийнх нь тавилан шийдэгдэхийг эмч нар дахин дахин сануулсан. Хэдийгээр трепонемын халдвартай төрсөн хүүхдийн хэд нь хэчнээн жил амьдарсныг илтгэх судалгаа Монголд байхгүй ч эрт үед нь эмнэлэгт хандвал хүүхдээ энэ муухай халдвараас сэргийлээд зогсохгүй амьдрах хугацааг нь уртасгах боломж, та, бидний гарт байна.