Их Британийн засгийн газар тус улсыг Европын Холбооноос (ЕХ)гэрээ хэлцэлгүйгээр гарах тохиолдолд боловсруулсан Yellowhammer онц яаралтай үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эхлүүлжээ. Энэ тухай ням гарагт тусгай даалгавар хариуцсан сайд Майкл Гове Sky News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. "Бид Yellowhammer төлөвлөгөөгөө эхлүүлж байгаа бөгөөд энэ нь ЕХ Brexit-ийг хойшлуулах боломж олгохгүй бол бид тус холбооноос хэлцэлгүйгээр гарахаар бэлтгэж байна гэсэн үг. Энэ асуудлаар өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийнэ" гэж тэрбээр онцлоод "Өчигдрийн парламентын шийдвэрийн дараа бид ЕХ-оос гэрээ хэлцэлгүйгээр гарах эрсдэл улам нэмэгдлээ. Учир нь ЕХ Brexit-ийн асуудлаар хэлэлцээг дахин сунгана гэсэн баталгааг бид өгч чадахгүй” хэмээн нэмж хэлэв. 9-р сард Британийн Засгийн газар Yellowhammer төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан билээ. Хамгийн муу тохиолдолд хэлцэлгүй Brexit Их Британи улсыг хоол хүнс, эм, түлшний хомстол оруулж, хил дээр саатал гарч, мөн үймээн самуун нүүрлэх аюул заналхийлэх талаар уг баримтад дурдсан байна. "Зарим хүнсний төрлийн шинэ бүтээгдэхүүний хүртээмж буурна. Сандарч балмагдсан үүднээс хийсэн худалдан авалт хоол хүнсний нийлэлтүүдийг тасалдуулах эсвэл түүнийг улам ихэсгэх эрсдэл бий" хэмээн баримтад тэмдэглэжээ. Ялангуяа эм ханган нийлүүлэх салбарыг хүнд нөхцөл байдал хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн хэлцэлгүй Brexit Ла-Маншийн хоолойгоор нэвтрэх ачаа тээвэрлэлтийг хоё өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ байдал дор хаяж гурван сар хүртэл үргэлжилж магадгүй юм. Үүнээс гадна Их Британийн зарим бүс нутагт шатахууны хомстол үүсэж мөн усан боомт, нисэх онгоцны буудлаар тус улсыг орхих зорчигчид бэрхшээлтэй тулгарах аж. Гарч магадгүй үймээн самууны талаар баримт бичигт "Их Британи даяар өрнөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүд хууль сахиулах байгууллагын ихэнх хүчин чадлыг татаад зогсохгүй нийгэмд хурцадмал байдал бий болох аюултай” гэсэн байна. Энэ сарын 17-нд Брюссельд болсон Европын Холбооны (ЕХ) дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британи болон тус холбоо Brexit-ийн шинэчилсэн гэрээний нөхцөлийн талаар тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн билээ. Гэвч уг гэрээ Британийн Нийтийн танхимын дэмжлэг авч чадаагүйгээр барахгүй парламент Brexit-ийн хугацааг хойшлуулах хүсэлтийг Брюссельд тавих шийдвэр гаргасан юм. Үүний дараа Их Британийн Засгийн газар сөрөг хүчний дарамт дор 9-р сард батлагдсан хуулийн дагуу Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускаас Brexit-ийг 2020 оны 1-р сарын 31 хүртэл гурван сараар хойшлуулахыг албан ёсоор хүсжээ. Ингэхдээ уг баримтад Ерөнхий сайд Борис Жонсон өөрөө гарын үсэг зураагүй байна. Тэрээр Туск руу хувийн захидал илгээж түүндээ Brexit-ийг хойшлуулах нь Их Британи болон ЕХ-ны ашиг сонирхолд харш тул өөрөө үүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ Гэсэн ч Борис Жонсон гэрээний төслөө ирэх Мягмар гарагт хэлэлцүүлэхээр дахин өргөн барих бөгөөд энэ удаа парламентын дэмжлэгийг авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Түүний гэрээг парламент дэмжсэн ч Европын Холбоотой тохиролцсон хугацаа болох аравдугаар сарын 31-нээс өмнө баталж амжихгүй гэж Британийн хууль тогтоогчдын олонх үзэж байна.