Улс төр судлалын профессор Михал Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх ном уг нь бүхэлдээ Чехийн жишээ, баримт, бодит нөхцөл байдлыг өгүүлдэг. Гэвч Монголын тухай ганц ч үг унагаагүй эл бүтээлээс манай дүр төрх тод харагдах аж. Хоёр жилийн өмнө уг номыг монгол хэлнээ орчуулж, олны хүртээл болгох ёслолд онлайнаар оролцож байсан, зохиогч М.Клима манай улсад хүрэлцэн иржээ. Посткоммунист орнуудад ажиглагдаж буй улс төрийн тогтолцооны ижил шинжтэй хямралыг “ардчиллын гажуудал” хэмээн тодорхойлон, улсынхаа ардчиллын нөхцөл байдлаар судалгааны бүтээл гаргасан тэрбээр Европт төдийгүй олон улсад нэр хүндтэй. Тэрбээр өчигдөр МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монгол дахь Фридрих Эбертийн сан, МЕC судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьсан юм.
Улс төрийн дэглэмийн хувьд авторитар хоёр улсын дунд орших Монгол Улс ардчиллын замыг сонгон авч яваад хүндэтгэлтэй хандаж буйгаа тэрбээр илтгэлийнхээ эхэнд онцолсон. Профессор М.Клима “Миний хувьд улс төр, бизнесийнхний албан бус, далд харилцааг багахан хэмжээнд ил болгосон. Энэ нь “улс төрийн нам болон төрийг булаан эзлэх” хэмээх шинэ нэр томьёо бий болоход нөлөөлсөн. Гэхдээ би үүнийг ганцаараа ил болгоогүй. “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” номоо 2015 онд гаргахад АНУ-ын эрдэмтэн Хенри иймэрхүү дүгнэлт хэлж байсан. Тэрбээр албан бус харилцааны гурван “машин” хэмээн томьёолж тайлбарласан. Далд байгаа бизнесийнхэн улс төрд хөрөнгө оруулалт хийж, гишүүдийг нь худалдан авч, улмаар удирдлагын хүчний харьцааг алдагдуулан, өөрийн талд татдаг. Чехийн голлох хоёр намд гишүүдийг худалдан авах явдал газар авсан. Үүнийг “улс төрийн намыг доороос нь эзлэх” гэж тодорхойлоод байгаа юм. Мөн “улс төрийн намыг дээрээс нь колоничлох” гэсэн ойлголт бий.
Үүнийг томоохон бизнесийнхэн хийдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн дээд түвшинд явагддаг харилцаа. Жишээ нь, Чехэд “улс төрийн намыг дээрээс колоничлох” ажиллагааг цагаан бээлий өмссөн хүмүүс маш тансаг орчинд хийсэн. Хамгийн том компаниуд голлох хоёр намын удирдлага, төлөөллийг Италийн Тоскана гэх мэт гайхамшигт газарт урьж, аялуулах жишээтэй. Ингээд ашиг сонирхлоо хамгаалуулсан хууль батлуулахад улстөрчдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, намууд бизнесийнхэнд дээр, доороосоо сэндвич маягаар шахагдаж эхэлдэг. Ингэснээр намууд иргэдийг бус, далд бизнесийг төртэй холбогч болж хувирна. Үүгээр зогсохгүй намууд далд бизнесийнхэнтэй хамт төрийн санхүүгийн нөөцийг шавхаж, шимэгчилдэг. Үүнийг л “төрийг булаан эзлэх” гэж хэлээд байгаа юм. Ийм зорилготой бие даасан бүтэц үүсчихэж буй хэрэг. Ер нь “төрийг булаан эзлэх” гэх хэллэгийг эдийн засагчид анх 2000 оны үед хэрэглэсэн байдаг” хэмээн тайлбарлаж байлаа.
Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө “Посткоммунист Европ дахь албан бус улс төр” гэх номоо хэвлүүлжээ. Уг номынх нь тодотгол “Клиентелизм буюу төрийг эзлэн булаах нь” аж. Профессор М.Клима “Улс төрийн нам бол ардчиллын гол багана. Тэднийг далд бизнесийнхэн эзэлснээр шимэгч шинж чанартай болж, парламент, Засгийн газар, цаашлаад хууль, хүчний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлдөг. Ингэснээр улстөрчид ял, шийтгэл эдлэхгүй байх боломжийг хуулийн хүрээнд бүрдүүлнэ гэсэн үг. Яам, төрийн захиргааны байгууллагад нөлөөгөө тогтоохын тулд мэргэжлийн, мэргэшсэн албан хаагчдад зориуд хаалт тавьж, хамгийн чухал байршилд өөрсдийн гэх хүмүүс, найз нөхдөө зоодог. Тэднийг М.Клима “мухлагчид” хэмээн хочлов. Ийм байдлаар клиентелизм төрийг булаан эзлэх түвшинд хүрвэл эрх зүйт төр оршин тогтнохгүй, бүх зүйл буруу ажиллаж эхэлнэ. Мэдээж энэ бүхний эсрэг иргэд, олон нийт эсэргүүцнэ. Энэ нь даамжирвал авторитар дэглэм тогтох үндэс болох эрсдэлтэй. Үүнийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын замналаас харж болно” гэж байлаа.
Чехийн парламентын доод танхимын сүүлийн гурван удаагийн сонгуульд шинэ намууд хэрхэн амжилттай оролцсон тухай баримт тун сонирхолтой аж. Байгуулагдаад удаагүй байхдаа Нийтийн үйл хэрэг нам 2010 оны сонгуульд оролцож, 11 хувийн амжилт үзүүлсэн бол 2013 онд мөн л шинэ нам 25 хувийн санал авсан байна. Харин 2017 оны сонгуульд оролцсон дөрвөн шинэ нам парламентын суудлын бараг 60 гаруй хувийг авчээ. Гэтэл голлох хоёр нам ердөө 10 жилийн өмнө буюу 2006 оны сонгуулиар 60 гаруй хувийн амжилт үзүүлж байсан гэнэ. Улмаар сүүлийн гурван сонгуулиар тэдний амжилт буурсаар 2017 оныход дөнгөж 18 хувийн санал авсан байгаа юм. Үүнийг тэрбээр “Шимэгч намуудын эсрэг явуулсан дундаж давхаргынхны эхлүүлсэн тэмцлийн үр дүн” хэмээн тодорхойлно лээ.
Гэвч шинэ намуудад ч дутагдал, сул тал илэрч эхэлсэн байх аж. Жишээ нь, 2010 оны сонгуульд амжилттай оролцсон намын үүсгэн байгуулагч нь хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэн юм байна. Тухайн сонгуулийн дараа бүрдсэн эвслийн Засгийн газарт ч тус нам багтсан байна. Тус намын хувьд голлох хоёр намыг “үлэг гүрвэл” хэмээн хочилж, тэднийг эсэргүүцнэ, устгана гэх уриатайгаар сонгуульд оролцож байсан бол яваандаа тэд өөрсдөө “махчин үлэг гүрвэл” гэх хочтой хоцорсон байна. Учир нь тус намынхан бусдыг мөрдөж, мөшгөн, хуулиас гадуур ажиллаж эхэлсэн нь айдас дагуулжээ. Дараагийн сонгуульд амжилттай оролцсон шинэ намыг Чехийн баячуудын хоёрт эрэмбэлэгддэг эрхэм байгуулсан байна. Голлох хоёр намыг бодвол тэдэнд далд бизнесийнхэнтэй холбоо тогтоох шаардлага байсангүй. Шууд л улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхэд чиглэж ажилласныг профессор М.Клима онцолсон. Тухайлбал, Чехийн өдөр тутмын хамгийн том сониныг худалдан авах жишээтэй. Хэдийгээр олонхын дэмжлэгийг авч чадсан ч энэ мэт шинэ намуудын үйл ажиллагаа эргээд аюул дагуулж эхэлсэн нь байна. Үүнийг тэрбээр “Шинэ намууд “шимэгчид”-ийн эсрэг “эмчилгээ” хийж болох ч байдлыг бүр дордуулж, илүү аюул дагуулах эрсдэлтэй” хэмээн анхааруулсан юм.
Эцэст нь тэрбээр далд байдаг клиентелист сүлжээ хэрхэн ажилладгийг ил тод тайлбарласан. Хамгийн төвд нь намууд байх бөгөөд бизнесийнхэнтэй далдуур холбоо тогтоож, сэндвичэн шахалтад ордгийг дахин тэмдэглэв. Үүнд голлон оролцогчдыг нь харин “босс, бизнесмен, лоббичид, загалмайлсан эцэг” хэмээн тодотгосон. “Загалмайлсан эцэг” хэмээн нэрийдсэн нь энэхүү далд харилцаа зохион байгуулалттай гэмт хэргийн түвшинд хүрдгийн илэрхийлэл биз ээ.