Хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гурван гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэж буй. Тэгвэл энэ талаар Х.Нямбаатар гишүүнээс хөрөнгийнх нь талаар тодрууллаа.
Тэрбээр "Нэгдүгээрт, itoim сайт дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийг Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэхэд нэр бүхий гишүүд ирээгүй гээд миний нэрийг биччихсэн байсан. Тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхэд миний нэр дурдагдаагүй. Харин Л.Пүрэвдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан тул түүнийг авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг л оруулсан. Тиймээс ямар санаатайгаар намайг ингэж гүтгэж байгааг мэдэхгүй юм. "Бид уучлахгүй" ТББ-ын талаар сая л сэтгүүлчдээс сонслоо. Би 2009 оноос хойш тасралтгүй 10 жилийн турш ХОМ-ээ бөглөж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг худалдан борлуулахаар орлого талдаа нэмэгддэг. Тэрийг та бүхэн очиж үзнэ биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж буй хүмүүсийн захиалгаар хийлгүүлж буй гүтгэлэг бүрт тайлбар хийх боломжгүй.
Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвараа ч төлсөн. Ийм учраас орлого нэмэгдсэн гэж гарсан. Аж ахуй эрхэлсэн орлогоо мөн өөрийнхөө талд бичнэ. 2014-2016 онд эдийн засаг зогсонги байсан. 2017 оноос сэргэж эхэлсэн тулд миний барьж буй орон сууцны эрэлт нэмэгдсэн. Үүнийг бүгдийг нь нарийвчлан тайлбарлах боломжгүй" гэв. Үүнийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Таны өөрийн орлого 111 саяас 442 сая болж, үл хөдлөх хөрөнгө 2017 онд 350 сая байсан бол өнгөрсөн онд 650 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Зуслангийн байшингаа зарсан гэсэн хэрнээ орлого чинь огт хасагдаагүй, харин ч нэмэгдсэн байна шүү дээ?
-Мэдүүлгийн хоёр талд бичилт хийлгэдэг юм. Эд хөрөнгөө зарсан бол орлого талдаа бичигддэг. Бие биеэ хий хардаж байхаар АТГ-т шалгуул л даа. Эрүүгийн хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх гэсэн зүйл анги бий. Би ном болон мал борлуулсны орлогоо ч мөн цэнхэр дэвтэртээ бичдэг.
-Гишүүн болохоос өмнө таны орлого 28 сая байсан юм байна. Гишүүн болохоос өмнө ба дараа хоёрыг л харьцуулаад байх шиг байна.
-Дээрх онуудад барилгын борлуулалт бага байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг компаниуд 2008-2009 онд байгуулагдсан. Төрийн албанд орохоос өмнө байгуулагдсан компаниуд үйл ажиллагаа явуулаад, татвараа төлж байгаа. Борлуулалт хэр байхаас шалтгаалж, хөрөнгө орлого хэлбэлзэнэ шүү дээ.