Хүнсний өдрийг 1981 оноос хойш жил бүр аравдугаар сарын 16-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал болон хомсдолыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад олон улсын анхаарлыг хандуулах нь энэ арга хэмжээний гол зорилго. Энэ жил Дэлхийн хүнсний өдрийг “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Эрүүл хүнс-Зөв хооллолт, өлсгөлөнгүй дэлхий” уриан дор тэмдэглэж байна. Монголчууд өлсгөлөнд нэрвэгдээгүй ч 400 000 орчим хүн хоол, хүнснээсээ бие махбодод зайлшгүй шаардлагатай аминдэм, шим тэжээл авч чадахгүй байгааг судалгаагаар тогтоосон гэнэ. Хангалттай шим тэжээлтэй хоол идэж чадахгүй байгаа хүмүүсийн багагүй хувийг бага болон дунд насны хүүхэд эзэлж байгаа аж. Энэ нь аминдэмээр баялаг жимс, ногоо бага хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг. Олон улсад хоол, хүнсний хэрэглээний зөв дадал хэвшүүлэхэд анхаардаг учраас шаардлагатай эрдэс бодисоо хоолноосоо хангалттай авдаг байна.
Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард боловсруулсан “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өчигдөр төв талбайд үндэсний үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнүүдээ сурталчлан үзэсгэлэн, яармаг зохион байгуулав. Энэ үеэр эрүүл байхад баталгаат хоол, хүнс хамгаас чухал шиг зөв, зохистой хооллохын ашиг тусын талаар сурталчиллаа. Хэт цадахгүй, өлсөхгүй байх, өглөөний ундыг заавал ууж хэвших хэрэгтэй гэдгийг албаныхан индэр дээрээс уриалсан. Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийг хамруулсан судалгаагаар өглөөний унд, хоолоо идэлгүй шууд сургуульдаа явдаг хүүхэд олон байдгийг тогтоожээ. Судалгаанд хамрагдагсдын 45 хувь нь өглөө юу ч иддэггүй гэж хариулсан байна. Энэ бол буруу хэвшил учраас үүнд эцэг, эх, асран хамгаалагчид нь анхаарал хандуулахгүй бол хүүхдийн сурах идэвх, ой тогтоолт 11 хүртэл хувь буурдаг аж.
Бэлтгэсэн: Э.Хана