УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсыг саарал жагсаалтад орсон хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Дөнгөж сая Францын Парис хотод болсон ФАТФ-ийн хурлаар Монгол Улсыг санхүүгийн "саарал жагсаалт"-д оруулах шийдвэр гарсан гэх мэдээлэл надад ирлээ.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ нь мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэгч улс орнуудтай эдийн засгийн аргаар тэмцдэг байгууллага. Тус байгууллагаас манай улсад удаа дараа хяналт шалгалт хийж, шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь бид шаардлагыг хангаж чадаагүйн улмаас ийм байдалд хүрлээ.
Саарал жагсаалтад орсон шалтгаан нь арилжааны банкнуудын активын асуудал. Саяхан ОУВС-аас арилжааны банкнуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд банкны активыг 700 тэрбумд нэмэгдүүлсэн юм билээ. Манай улс үүний 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан. Гэвч 500 тэрбумын эх үүсвэрийг нотолж чадаагүй.
Терроризм, хар тамхитай тэмцэхэд чиглэсэн үндэсний зөвлөл гэж байдаг. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалдаг. Тэрбээр ФАТФ-ийн удаа дараагийн шаардлага, сануулгыг хангахад чиглэсэн бодит ажил огт хийж чадаагүй. Энэ нь биднийг саарал жагсаалтад орох хэмжээнд хүргэлээ.
Иймд Монгол Улс яаралтай энэ жагсаалтаас гарах тал дээр анхаарах хэрэгтэй" гэлээ.