ОХУ-ын цэргийн цагдаагийн хүчин Манбиж хотод Турк, Сирийн засгийн газрын армийн хоорондох зурваст болон өмнө нь АНУ болон тэдний холбоотнуудын хяналтад байсан тус хотын зэргэлдээ дүүргүүдэд эргүүл эргүүл хийж эхэлсэн тухай ВВС агентлаг мэдээлэв. Өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башир Асадын мэдлийн арми Мажиб хотыг эзэллээ хэмээн мэдэгдсэн билээ. Манжиб хотын ойролцоо АНУ-ын хоёр ч том цэргийн бааз байрлаж байсан бөгөөд Америкийн тал тэндээс цэргээ татсан тухай мэдээллийг эвслийн тусгай төлөөлөгч хурандаа Майлс Кугбинс батлав. "Эвслийн хүчин Сирийн зүүн хойд нутгаас бүрэн гарч байна. Бид Манжибийг орхилоо" гэж тэрбээр Твиттер хуудсаараа жиргэжээ. Энэ сарын 9-нд Туркийн арми Сирийн хойд хэсэгт байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнийгээ террористууд эсрэг тэмцэл гэж тайлбарласан юм. Сирийн хойд хэсгийг салан тусгаарлах үзэлтэй курдууд хяналтдаа байлгадаг бөгөөд өнгөрсөн ням гарагт тэд Башир Асадын засгийн газартай Туркийн түрэмгийллийн эсрэг хамтрахаар тохиролцсон аж. Уг тохиролцоонд ОХУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэлэлцээр Хмеймим дахь Оросын цэргийн баазад болжээ.