Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа.
Энэ оны 06 дугаар сард Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хамтаар Засгийн газраас агуулга дээрхтэй агуулга, үзэл баримтлалын хувьд ойролцоо хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бол 10 дугаар сарын 01-ний өдөр дахин Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд буцаан татах боломжтой байдаг бол Хууль тогтоомжийн тухай хуулиар үзэл баримтлал зөрчилдөөгүй тохиолдолд төслийн нэрийг өөрчлөх боломж бий гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдсан.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд тойргийн иргэд, сонгогчдоос гаргасан саналд үндэслэн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдан, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Тэтгэврийн хуулиар
- төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн эмэгтэй,
- төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй,
- 27-оос дээш жил ажилласан, эмэгтэй нас харгалзахгүйгээр,
- 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйг хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна.
Тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байсан байна. Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө 1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор”-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан юм.
Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.
Эдгээр иргэдээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 21,2 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрээс 14.5 мянга буюу 68.4 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга буюу 17.9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2.9 мянга буюу 13.7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд байна.
1997 оны 02 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс өнөөдрийн байдлаар 17.0 мянга нь буюу 80.2 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр (374.8 мян.төг)-ээс бага тэтгэвэр авч байгаа юм.
Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа ба хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг төсөл санаачлагч танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэний 85.8 хувь нь буюу 18.2 мянган нь эмэгтэйчүүд, 14.2 хувь буюу 3 орчим мянга нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа гэлээ. Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилжээ.
Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган хүний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 2020 онд 12.7 тэрбум төгрөг, цаашид энэ хэмжээ жил бүр 5 орчим хувиар буурах бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэх юм байна. Хууль хэрэгжүүлэхэд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг харгалзан даган мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тусгажээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Д.Оюунхорол нар зарим зүйлийг тодруулж, төсөл санаачлагч, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. “Хувь тэнцүүлсэн тэтгэвэр” хэмээх ангиллаар тэтгэвэр тогтоолгон, бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс багаар буюу хувь тэнцүүлж олгодог тэтгэвэр бөгөөд Засгийн газраас тэтгэвэрийн зөрүүг арилгах нэг удаагийн арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж ирэх оны улсын төсвийн төсөлд шаардлагатай санхүүжилтийг тусгаад байгаа гэлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.