УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2019 оны наймдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдсэн байна. Харин газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Гаалийн татварыг хөнгөлөх үү?
УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга н.Лхамжав: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг Сангийн яамтай хамтарч боловсруулсан. Анх боловсруулагдахдаа Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын аль алинаас нь чөлөөлөгдөх хувилбараар хийгдэж байсан. Харин Сангийн яамнаас "Сая хийгдсэн Татварын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлтийн тайлан хийгдэхгүй, юун түрүүнд ямар бараа бүтээгдэхүүн татвараас чөлөөлөгдөх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ боломжтой байвал төслийн хүрээнд биднийг эхлээд жил жилээр татвараа төлөөд тайлангаа гаргаад яв. Тэгээд тайланг авч үзээд бараа бүтээгдэхүүн оруулж ирээд, төлсөн татвараа буцааж авах зохицуулалтийг хийе" гэсэн санал тавьсан. Үүний дагуу зохицуулагдсан. Дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа материалд тухайн татварын жилд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтаан буцаан олгосугай гэж төсөлд заасан. Энгийнээр тайлбарлавал, эхлээд төлөгдсөн татварыг 100 хувь хөнгөлөөд ирэх жилд буцаан олгох юм.
-Газрын тосны үйлдвэрийг дагаад 550 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулна гэсэн. Тэгвэл үүнд шаардлагатай, дотоодоос авах боломжгүй хэдэн төрлийн бараа материал байгаа вэ. Тэдгээрийн хэдийг нь гаалийн татвараас чөлөөлөх вэ?
Газрын тосны үйлдвэрийн зураг төслийн инженер н.Баяржаргал: Монголоос авах боломжгүй бараа материалын жагсаалт эхнээсээ гарч байгаа. Гэхдээ уг жагсаалтаар алийг нь гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эсэхээ батлах ёстой. Эхний ээлжинд 1600 гаруй бараа, материал жагсаасан байгаа. Тэдгээрээс төрөл, хэмжээнээс шалтгаалан, татвараас чөлөөлөх, чөлөөлөхгүйгээр нь хоёр ялгах юм. Харин Монголоос авч болох бүх материалыг жагсаалтаас хассан.
Мөн Б.Баттөмөр гишүүн "Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал өсөх вий гэдэг болгоомжлол байна" хэмээсэн бол Г.Тэмүүлэн гишүүн "Газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нь баталгаажуулах шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын багц хуулийн шинэ зохицуулалтын хүрээнд гаалийн албан татвараа төлчихөөд дараа нь буцаан олголтоо 100 хувь авснаар татвараас зайлсхийдэг, бултдаг байдлыг хязгаарлана гэж байлаа. Г.Тэмүүлэн: Газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нь баталгаажуулах шаардлагатай
Ингээд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.