Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг зөв зарчимд оруулах шаардлага бий гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлж байв. Түүнчлэн эрх мэдлийг орон нутагт шилжүүлээгүй улмаас төсвийн гүйцэтгэл хангагддаггүй шалтгааныг тайлбарлав. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцууллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой асуудал нь ний нуугүй хэлэхэд Монгол Улсад хэцүү асуудал болоод байгаа. Бид шинэ агентлаг байгуулаад ажиллах бол нэг хэрэг. Хамгийн гол асуудал нь удирдлага, зохион байгуулалтдаа байгаа шүү. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Өмнө нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх талаар ярилцаж үзсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна. Мөн төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалттай хэрнээ ажил урагшлахгүй байгаагийн гол шалтгаан нь орон нутгуудад эрх мэдлийг хангалттай өгч чадахгүй байгаатай шууд холбоотой гэж бодож байна. Тиймээс ийм зарчмын зөрүүтэй саналыг оруулж ирж байгаа юм" гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь дэмжив. Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.