Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийг хүүхдийн иж бүрэн тоноглолтой вакумжсан мэс заслын хэсэгтэй болгожээ.
Энэхүү хэсэг нь анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн гэдгээрээ давуу тал онцлогтой. Тодруулбал, мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгджээ.
Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэг нь иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, цэвэр багаж, материалын өрөө гээд, бохир зүйлсийг гаргах өрөө, гар угаах хэсэг хувцас солих өрөө, усанд орох өрөө, техникийн өрөө болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай. Вакумжсан мэс заслын өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан бөгөөд түүний тусламжтай агаарыг тасралтгүй 99.99% цэвэршүүлнэ. Цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Мөн эмч ажилчдад зориулагдсан хувцас солих өрөөг усанд орох хэсэгтэй шийдсэнээр ажилчдын орчин нөхцөл сайжирчээ.