Өнгөрсөн есдүгээр сард Олон Улсын Парламентын Холбооны гишүүд Монгол Улсад ирж, С.Зоригийн хэрэг, түүнд холбогдох хүний эрхийн асуудлуудад дүгнэлт гаргажээ. Гэвч дүгнэлтийг Монгол төр нууцалсан байсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ярив. Тэрбээр нууцлаад байсан дүгнэлтийг задалж, олон нийтэд уншиж танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зоригийн хэргийг шалгах түр хороо болон хүний эрхийн байгууллагуудад шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь өгөхгүй байгаад ОУПХ санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Өнөөдрийг хүртэл гурван шатны шүүхийн шийдвэрийг түр хороо, хүний эрхийн байгууллагуудаас нууцалж байгаа нь хууль зөрчиж байгаа явдал хэмээн ОУПХ дүгнэлтдээ бичжээ.
Тус холбооныхон манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан. Монголын улс төрчид бүгд мөрдөн шалгах ажиллагааны үеэр эрүүдэн шүүсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Гэсэн ч Чимгээ, Содномдаржаа нарыг нэн даруй суллахгүй байгаа шалтгааныг ОУПХ ойлгохгүй байна гэв.
Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагчийг мөрдөн шалгах ажиллагаа 20 жил үргэлжилсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа нь энэ хэрэг өнөөг хүртэл нууцлагдмал байдалтай байгаа юм гэж бичжээ.
Түүнчлэн Монгол Улсад Эрүүгийн хуулийн үндсэн зарчим алдагдсан байна гэж ОУПХ дүгнэсэн юм.