Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрсөн сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Энэ үеэр манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлжээ. Харамсалтай нь, манай улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс дөрөвт нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хүлээн авсан байна. Тодруулбал,
- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
- Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргах;
- Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
- Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэл өгсөн аж.
Улмаар төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг 2021 оны тавдугаар сар хүртэл буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Энэ сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэх юм байна.
2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэн, зөвлөмж ирүүлсэн байдаг. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасаж, худалдааны хэмжээ буурах эрсдэл үүснэ. Цаашлаад манай иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх бөгөөд улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэлтэй.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр төрийн зарим байгууллагын удирдлагатай уулзаж, үүрэг өглөө.
Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Улсын ерөнхий аудитор Д.Занданбат, АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун болон бусад албаны хүн оролцов. УИХ-ын дарга “Манайх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүргэсэн гэсэн дүгнэлт гарч байна. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг” гээд үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
“Саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянах чиглэл өгчээ. Мөн оффшор данс эзэмшсэн, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж, ажлаа бодитой, үр дүнтэй хийх, хар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлдэг явдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн анхааруулжээ.
Бэлтгэсэн: Б.Уран