Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, хоёр асуудал хэлэлцлээ.
2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа
Эхлээд, Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийх ажлын төлөвлөгөөг танилцуулснаар уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Мурат, Ц.Гарамжав нар үг хэллээ.
Гишүүд үг хэлсний дараа, төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа.
05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчалын сайдын мэдээлэл сонслоо
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.
Мэдээлэл сонсохын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг 05 дугаар тогтоолын талаар товч танилцууллаа.
Тэрбээр, “Өргөдлийн байнгын хороонд төрийн бус байгууллага болон 927 иргэнээс аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүсэлтийг ирүүлсний дагуу бид холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гарган Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн.
Тус тогтоолоор аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, хуванцар савыг ялган бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглож, хяналтыг сайжруулах, лабораториудын чадавхийг сайжруулах, холбогдох аргачлал, стандартыг боловсруулан мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг чиглэл болгосон юм.
Дээрх чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг оролцуулан Хан-Уул дүүрэгт байрлах цаасан болон гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэрүүд, Баянзүрх, Налайх дүүрэгт аккумулятор дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан ажил хэргийн уулзалтуудыг хийж үүрэг даалгавар өгсөн” гээд тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагууд тайлбар, мэдээллээ ирүүлснийг тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ, сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэгүй олгох, аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах, байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 га, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах ”Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд 22 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн зэрэг ажлуудыг онцоллоо.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав.
Асуултад Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан болон холбогдох албаныхан хариулт өглөө.
Хуралдааны төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссонтой холбогдуулан хуванцар савны хэрэглээг хязгаарлах хөдөлгөөнийг орон нутагт төдийгүй нийслэлд өрнүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах, хүнсний зориулалттай хуванцар савны стандартыг яаралтай батлуулах, импортоор орж ирж байгаа хуванцар савыг ангилан кодолж, ангиллын кодоор гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг эмх журамд оруулах зэрэг ажлыг шуурхайлж, үр дүнг тооцож ажиллах зэргээр яаралтай шийдвэрлэх ажлыг шуурхайлах үүрэг, чиглэлийг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөхөөр боллоо.