Европын парламентын /ЕП/ дарга Давид Сассоли Лондон хүсэлт гаргасан тохиолдолд Их Британийг Европын Холбооноос гаргах хугацааг дахин хойшлуулахад Европарламент бэлэн байгаа тухай өчигдөр /2019.10.08/мэдэгджээ. “Хугацааг хойшлуулах асуудлын тухайд хэрэв ямар нэг шалтгаан эсвэл зорилго байгаа бол Европын парламент ийм боломжид нээлттэй. Гэхдээ хойшлуулах хүсэлтийг Их Британиас гаргасан байх ёстой. Тус улсын улс төрийн маргаан эсвэл хууль, эрх зүйн асуудлуудын хувьд би тайлбар өгөхгүй” гэж тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой Брюссельд уулзсаныхаа дараа хэлсэн байна. Гэхдээ Брюссель, Лондоны хооронд хийж буй хэлэлцээнд одоогоор ахиц дэвшил гараагүй байгааг Европын парламентын дарга дурджээ. “Одоогийн байдлаар “Brexit”-ийг хойшлуулах эсвэл гэрээ байгуулахгүйгээр хэрэгжүүлэх гэсэн хоёр хувилбар байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Гэрээ байгуулахгүйгээр гарах асуудлын хувьд энэ нь маш сөрөг үр дүнд хүргэнэ гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Энэ нь хоёр тал, ялангуяа Их Британийн хувьд эдийн засгийн хохиролтой. Түүнчлэн энэ нь Ирландад маш ноцтой хохирол учруулахаас гадна, бизнес эрхлэгчид, ялангуяа иргэдийн эргэлзээг нэмэгдүүлэх сөрөг талтай. Хэлэлцээргүй Brexit-ийн хариуцлагыг Их Британийн Засгийн газар хүлээх нь гарцаагүй " гэж тэрбээр нэмж хэлэв.