Өнгөрсөн бямба гарагт /2019.10.05/ Стокгольмд хотод болсон АНУ, БНАСАУ-ын ажлын төвшин дэхь хийсэн хэлэлцээр үр дунд хүрсэнгүй. Энэ тухай Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мун Гиль “АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигантай хийсэн уулзалт ямар ч үр дүнгүй өнгөрлөө” гэж хэвлэлийнхэнд хэлсэн юм. Үүнд Пхеньян Вашингтоныг буруутгажээ. "АНУ Умард Солонгос руу чиглэсэн дайсагнасан бодлогоо бүрэн зогсоох дорвитой алхам хийхээс нааш бид одоогийнх шиг ийм аймшигтай хэлэлцээ хийх бодолгүй байна" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдлийг тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иш татсан байна. Харин АНУ эсрэгээрээ найман цаг үргэлжилсэн эл уулзалтыг “сайн” болсон гэж дүгнэв. Хоёр талын дараагийн уулзалтыг энэ 10-р сарын сүүлээр хийхийг Вашингтон санал болгожээ. Стокгольмд болсон уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын энэ оны зургадугаар сард Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр тохиролцсоны дараа хоёр орны төлөөлөгчдийн ажлын төвшинд хийсэн анхны уулзалт байсан юм.