Нэг жилийн өмнө Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Турк дэх Консулын газар луугаа ороод эргэж гараагүйг хяналтын камерын бичлэг нотолдог. Тус газарт Туркийн тусгай албаныхны суурилуулсан сонсох төхөөрөмж түүнийг эх орноос нь тусгайлан илгээсэн хүмүүс хороосныг илчилжээ. Эл хэргийн тухай баримтад тулгуурласан нэвтрүүлгийг ВВС бэлтгэсэн байна. Нууц бичлэгийг хэдхэн хүн сонссон бөгөөд тэдний хоёр нь ярилцлага өгсөн аж. Уг хоёр хүний нэг нь Британийн өмгөөлөгч Хелена Кеннеди. Тэрбээр Жамалийн амьсгал хураах мөчийн бичлэгийг сонсжээ. Шүүхээр ял шийтгүүлээгүй хэрнээ амиа алдсан хүмүүсийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч Аньес Каламар тэргүүтэй олон улсын шинжээчдийн бүлгийг Хелена урьсан аж. Тэрбээр мөн Консулын газарт хийсэн бичлэгийг сонссон байна. Гол үйл явдал болсон хоёр өдрийн аудио бичлэгийн 45 минут орчим үргэлжлэх хэсгийг Аньес Каламар, Хелене Кеннеди нарт сонсгожээ.
ВВС-гийн мэдээллээс үзвэл Жамалийг хороох ажлын гол зохион байгуулагч нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы нөлөө бүхий зөвлөх Сауда аль-Кахтани гэгч аж. Түүнийг Жамаль нийтлэлдээ угсаа залгамжлах хунтайжид зориулан тэрс үзэлтнүүдийн хар жагсаалт гаргаж өгдөг нэгэн хэмээн тодорхойлжээ.
Туркийн тагнуулын албаны ажилтан асан, Саудын Арабыг хариуцсан шинжээч Метин Арсёзын мэдээлснээр өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд шилжих шөнө Истанбулын нисэх буудалд хувийн онгоцоор шүүх эмнэлгийн шинжээч, эмгэг судлаач, доктор Салах аль-Тубейги нарын есөн хүн ирсэн байна. Тэдний намтар, эрхэлдэг ажлыг судлаад, алуурчдын бүлэг гэсэн дүгнэлтийг Аньес Каламар хийжээ. “Тэрбээр (Аль-Тубейги) задлан яаж хийхээ ярьсан. Тэнд байгаа хүмүүс инээлдэх сонсогдсон. “Цогцос задлахдаа би ихэвчлэн хөгжим сонсдог. Заримдаа аяга кофе ууж, тамхи татдаг” хэмээн тэрбээр ярьсан” гэж Хелена Кеннеди мэдэгдсэн байна. “Амьдралдаа анх удаа шалан дээр цогцос задлах нь. Мал нядлагч ч эвдэх махаа өлгөдөг шүү дээ” гэж Саудын Арабын шүүх эмнэлгийн шинжээч өгүүлснийг Хелена дурсав.
Консулын газрын дээд давхарт өрөө гаргаж, шаланд нь гялгар уут дэвсжээ. Тус газрын ажилтнуудыг тэр өдөр амраасан аж. “Жамаль хэзээ ирэх талаар тэд ярихдаа “Өргөлийн амьтан хэзээ ирэх вэ?” гэж байсан” гэж Хелена хэлсэн аж.
Саудын Арабын эрх баригчдын төлөвлөгөөний талаар Жамаль таамаглаж байсан, эсэхийг тодруулахад “Жамаль “Та нар надад тариа хийх гэж байна уу?” гэж асуухад “Тийм” гэж хариулсан” хэмээн Аньес Каламар хэлсэн бол, өөрийг нь хулгайлах уу гэж хоёр ч удаа Жамаль асуугаад, “ЭСЯ-нд ингэж болдог юм уу?” гэж байсан” хэмээн Хелена мэдэгдэв.
“Эл ярианы дараа түүний хоолойг боож байгаа, уут толгойд нь угласан болов уу гэмээр дуу хоолой сонсогдсон” гэж Аньес ярьжээ. Жамаль Консулын газар луу 13.15 цагт орсон бол 15.53 цагт тэндээс Саудын Арабаас ирсэн хоёр хүн гарсны нэг нь Жамалийн хувцсыг өмссөн хэрнээ өөр гуталтай, нөгөө нь нүүрээ халхалсан, гялгар тортой юм гартаа барьсан байв. 18.30 цагт Саудын Арабаас ирсэн хүмүүс хувийн онгоцоор нутаг буцжээ.