Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурав. Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа.
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” нь одоо хэрэгжүүлж буй төслийн (Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг, Сүхбаатар боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж байгаа) үргэлжлэл бөгөөд 27 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт, Увс дахь Боршоо боомтыг шинэчлэн сайжруулах аж. Эдгээр дөрвөн боомтод гаалийн автоматжуулсан мэдээллийн системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны систем нэвтрүүлэх гэнэ. Тэгвэл “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн нэмэлт санхүүжилт” болох 60 сая ам.долларын төслөөр Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 58, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын их засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх юм байна. Авто замд гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбаруудыг байршуулах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг нь сайжруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн удахгүй байгуулах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор хүрэх авто замын урьдчилсан судалгааг төслийн хүрээнд хийх аж.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт барьж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг дуусгахад 16 сая ам.долларын нэмэлт санхүүжилт зориулах нь. Тус дүүргийн эмнэлэг нь эрүүл мэндийн цогц, чанартай үйлчилгээ үзүүлэх бөгөөд бусад дүүрэгт жишиг болохуйц байх гэнэ. Эмнэлгийн барилгын ажлыг ирэх жилийн нэгдүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Ц.Болор