ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Томуу, томуу төст өвчин
Эмч, сувилагч, эцэг, эх, хэн хүнгүй л айцгааж байна. Ханиад, томуу дэгдэж, өвчний тархалт оргилдоо тулахад нийслэлд “гамшиг” болдог учраас тэр. Дүүргүүдийн Хүүхдийн эмнэлэг, тасгуудын орны ачаалал хэрээс хэтэрч, аав, ээжүүд шалан дээр, хонгилд зулна. Эмчлүүлэхээр хэвтсэн хүүхдүүд гэдэсний, эсвэл томууны өөр төрлийн вирусээр халдварлаж, эмнэлгээс салахаа больдог нь бүр ч өрөвдөлтэй. Эм, тариа хүртэл хомсоддог “дайны” үеийн эл зовлонг эцэг, эхчүүд, эмнэлгийн ажилтан гэлтгүй нийгмээрээ л яс махандаа тултал мэддэг, мэдэрдэг боллоо.
Тиймээс энэ өвөл яавал ханиад, томуу тусахгүй байх вэ гэдэгт хүн бүр анхаарч, хичээх шаардлагатай. Ядаж л өөрсдөөсөө шалтгаалах, урьдчилан сэргийлэх аргыг хэрэглээрэй. Ханиад гээд тоохгүй өнгөрч болохгүй, амиа алдах эрсдэлтэйг ч эмч нар анхааруулсан. Жил ирэх тусам агаар, хөрсний бохирдол ихсэж, халдварт өвчнийг “угжиж” байна. Орчны бохирдлоос үүдэлтэй томууны вирусүүд мутацад орж, хэр баргийн хүчтэй эмд ч дарагдахаа больсон. Багаасаа антибиотикоор “бөмбөгдүүлсэн” хүүхдүүд эмд дасал болж, алсдаа дархлаа султай, суурь өвчтэй болж байгаа нь харамсалтай.
Томуу, томуу төст өвчин нь бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх зэрэг ижил шинж тэмдгээр илэрдэг ч хор нөлөөгөөрөө ялгаатай аж. Энэ талаар “Албаны хүний үг”-ээр тодруулсан тул ингээд орхиё. Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын эрхтэн тогтолцооны цочмог халдвар юм. Манайд идэвхтэй дэгддэг үе нь арваас дөрөвдүгээр сар. Улсын хэмжээнд жилд дунджаар 300 гаруй мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвддөг байна. Тиймдээ ч энэ үеийг эмч нар “Томууны улирал” хэмээдэг. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас манайд А, В хүрээнийх нь зонхилон тохиолддогийг халдвар судлаач нар хэлсэн.
Одоогоор томуу дэгдээгүй ч идэвхэжсэн үедээ долоо хоногт 6000-9000 хүн өвчлөх нь бий. Томуу үүсгэгч вирусүүд хүйтэнд тэсвэртэй тул ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчин хүндэрч, уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр. Учир нь тав хүртэлх насныхны дархлааны тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдгаас өвчлөмтгий болдог аж. Тиймээс л эмч нар хүүхдийнхээ дархлааг сайжруул гэж байнга “үглэдэг”.
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг ДЭМБ зөвлөдөг. ЭМЯ, тус байгууллагын манай улс дахь суурин төлөөлөгчийн газар хамтран энэ асуудлаар зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. Тус уулзалтад оролцогчид 2018-2019 онд томууны улирлаар нийслэлийн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн 977 ор дүүрч, хэвтсэн хүүхдийн тоо 1700-д хүрснийг үндэслэн, вакцины хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан нь авууштай. Өнгөрсөн онд зорилтот бүлгийн 125 000 иргэнийг дархлаажуулсан бол өнөө жил 150 гаруй мянган хүн/тун вакцин оруулж ирээд байна. Гэвч энэ нь хүн амын ердөө тав хүрэхгүй хувь юм. ДЭМБ зөвлөснөөр хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг вакцинд хамруулснаар томууны дэгдэлтийг бууруулах боломжтой аж. Тиймээс холбогдох албаныхан эл асуудлыг тухайн үед Улсын онцгой комисст танилцуулж, 1.4 сая хүн/тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгуулах санал хүргүүлсэн. Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл өвчин дэгдсэн хойно урд хормойгоо авч, хойдохоо нөхсөнөөс хавь илүү арга гэдгийг мэргэжлийнхэн хэллээ.
Бэлтгэсэн: О.Бат-Ундрах
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Ходоод хямрааж, хатгалгаа үүсгэдэг ханиад дэгджээ
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед хүүхэд, хөгшидгүй ханиад, томуунд дарлуулдаг. Манайд томуу, томуу төст өвчний хэд хэдэн вирус дэгддэг. Өдгөө хүн амын дунд ямар төрлийн ханиад, томуу гараад байгааг сурвалжиллаа.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд очиход ачаалал багатай байв. Хүүхдээ тэвэрсэн хүн хааяа нэг тааралдана. Харин Эрүүл мэндийн төвөөс холгүй байрлах тус дүүргийн Хүүхдийн эмнэлэгт жинхэнэ “амьдрал” өрнөж байлаа. Гартаа уян зүү хатгуулж, амны хаалт зүүсэн хүүхдүүд, сахиур эцэг, эхчүүдээр эмнэлгийн хоёроос дээш давхар дүүрчээ. Уг эмнэлэг 200 ортой, 16 их эмч, 33 сувилагч хүүхдүүдийн эрүүл мэндийн манаанд зогсдог аж. Энэ жил ямар төрлийн ханиад, томуу ихэссэн талаар тус эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дарга Б.Болормаагаас тодруулахад “Манай дүүрэгт 0-16 насны 80 000 гаруй хүүхэд бий.
Ердийн үед хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар 50-60 хүүхэд үзүүлдэг. Есдүгээр сар гарснаас хойш өдөрт 80-100, амралтын өдрүүдэд 120 гаруй болж нэмэгдсэн. Ханиад, томууны 240 гаруй вирус байдаг. Энэ намар ходоод, гэдэс хямрааж, хатгалгаа үүсгэдэг вирус дэгдэх болсон. Тэр дундаа 0-3 насны хүүхдүүд олноор өвчилж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдийн 30 гаруй хувь нь энэ төрлийн томуугаар өвдсөн. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэсэн үг. Хоногт 10-20 удаа гүйлгэдэг тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ ийм ханиад тусахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Сэтгэл зовоож буй өөр нэг өвчин бол идээт тууралт. Аав, ээжүүд уг тууралтыг хатигтай андуурч, буруу “эмчилгээ” хийдэг. Ингэснээр өвчин эдгэхгүй, томууны вирустэй хавсран, хүндэрч байна.
Тиймээс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хавар, намартаа хүүхдэд аминдэм сайн өгөх хэрэгтэй. Мөн нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй 3-4 хоног асрах шаардлагатай” гэлээ. Учир нь энэ вирус халдвар тараахаас гадна ядаргаанд оруулдаг тул амархан хүндрэх аюултай аж. Аминдэм сайтай хоол хүнс өгч, эмчийн заавраар гэрээр эмчилбэл хүндрэх нь бага гэнэ. Аравдугаар сар дөнгөж гарч байхад ханиад, томуу ийн ихэссэн. Ид хүйтний улиралд томуутай тэмцэх бэлтгэлээ базаасныг дээрх эмнэлгийнхнээс лавлахад “Эмнэлгээ нүүлгэн шилжүүлж, урсгал засвар хийж, дулааны шугам, сүлжээгээ сольсон. Өвлийн гурван сард 200 орноос гадна Ахмадын эмнэлгийнхээ 100 гаруй орыг ашиглана. 310 ор хүрэлцэхгүй бол даатгалтай хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн” гэж эмч, сувилагч нар хэлсэн.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойгүй бэлэн хоол авч өгдөг. Үүнээс болж биеийн эсэргүүцэл нь муудаж, ханиад томуу хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дан ганц эмнэлэг бус, эцэг, эхийн оролцоо чухлыг тэд дахин анхаарууллаа.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Н.СУВДМАА: А, В хүрээний вирусээр үүсгэгддэг нь томуу, бусад нь томуу төст өвчин
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчин нь юугаараа ялгаатай вэ?
-Иргэд ханиад, томууны талаар ерөнхийд нь мэддэг ч сэргийлэх зан үйлд суралцаагүй. Томуу, томуу төст өвчин нь тусдаа ойлголт. А, В хүрээний вирусээр үүсгэгддэг нь томуу. Харин томуу төст өвчин гэдэг нь эдгээрээс бусад буюу риновирус, аденовирус, энтеровирусийн халдвар юм. Үүнийг олонх нь ялгаж салгадаггүйгээс энгийн ханиад гэж ойлгодог. Яагаад ингэж тусад нь авч үздэг вэ гэхээр уг хоёр өвчний ерөнхий шинж тэмдэг нь ижил. Халдвар авснаас хойш эхний 2-3 хоногт халуурч, хамар битүүрэн, нус гоождог болохоор арга ч үгүй. Тиймдээ ч хэн нэгний зөвлөснөөр эмийг дур мэдэн хэрэглэж, өвчнийг улам хүндрүүлэх, бусдад халдвар тараах нь элбэг. Энэ тохиолдолд томуу, томуу төст өвчний аль нь болохыг оношлоход төвөгтэй болгодог. Томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өвчний эхэн үед ямар төрлийн халдвар болохыг нь шинжлүүлж, эмчийн заавраар эм уухад томуу, томуу төст халдвар хурдан эдгэрдэг.
-Манай улсад саяхан томууны олон улсын XIII хурал боллоо. Энэ үеэр өнөө жил томууны гурван төрлийн үүсгэгч дэгдэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-ДЭМБ улс орнуудын томууны тархалтын судалгааг үндэслэн, жил бүрийн гуравдугаар сард тухайн бүс нутагт хэрэглэх вакцины найрлагыг зарладаг. Үүний дагуу ДЭМБ-ын шалгуур хангасан вакцин үйлдвэрлэгч орнууд вакцин үйлдвэрлэдэг. Манай улсын томуу, томуу төст өвчний тандалтын тогтолцоо дэлхийн жишигт хүрсэн. Шаардлагатай сорьцуудыг ДЭМБ-ын лавлагаа лабораториудад баталгаажуулдаг. Вакцины найрлагад дурдагдсан А, В хүрээний вирусүүд манайд зонхилон тохиолддог. Зарим нь үүнийг буруу ойлгож, шинээр дэгдэх нь гэж эндүүрч байна.
-Энэ сард хийх улирлын томууны дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Дархлаажуулалтын тухай хуульд заасанчлан есөн вакцинаар 12 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь заавал хийх дархлаажуулалт юм. Үүнээс гадна тархвар судлалын заалтаар, ажил мэргэжлийн шаардлагаар болон сайн дурын үндсэнд вакцин хийж байна. Манайх өнгөрсөн онд томууны 125 мянга, энэ жил 150 гаруй мянган хүн/тун вакцин оруулж ирсэн. Дээр хэлсэнчлэн улирлын томууны вакцины найрлага жил бүр шинэчлэгддэг. Энэ нь дэлхийн аль бүсэд томууны ямар төрлийн вирус зонхилж байгаагаас шалтгаалдаг. Тухайлбал, манай улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн хэдэн хувьд нь ямар вирус зонхилж байгааг бид судалж, үүсгэгчийг тодорхойлдог. Ингэхдээ үйлчлүүлэгчдээс сорьц авч, шинжилдэг. Үүнийгээ долоо хоног, сар, жилээр нэгтгэнэ.
Улс орнуудын эдгээр үзүүлэлтийг харгалзаж, ДЭМБ томууны вакцинаар нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийнхнийг дархлаажуулахыг зөвлөдөг. Сүүлийн таван жил бид 0-5 хүртэлх насныхан, өндөр настан, жирэмсэн эхчүүд, амьсгалын эрхтэн тогтолцооны архаг өвчтэй хүмүүс болон олон нийттэй харилцдаг мэргэжилтнүүдийг түрүүлж вакцинжуулж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд Сайн дурын дархлаажуулалтын кабинет нээсэн. Улирлын томууны вакциныг эдгээр кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийдэг.
-Томууны вакциныг жил бүр аравдугаар сарын дунд, эсвэл сүүлчээр хийдэг. Энэ үед амьсгалын замын өвчин дэгдчихсэн байдаг тул төдийлөн үр дүнд хүрдэггүйг эцэг, эхчүүд шүүмжилдэг. Үүнээс арай эрт дархлаажуулах боломж байхгүй юу?
-Вакциныг жил бүр шинэчилдэгтэй холбоотойгоор оройтдог. Биднээс шалтгаалах зүйл биш гэсэн үг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, таван аймгийн лавлагаа төвийн тандалт судалгааны дүнгээр одоогоор хүн амын дунд томууны вирус илрээгүй. Энэ үед л вакцин хийвэл үр дүнтэй. Заавал өвчин дэгдэхээс 14-30 хоногийн өмнө гэсэн заалт байхгүй.
Амбулаториор үйлчлүүлэгчдийн дотор томуу төст өвчин 4.3 хувийг эзэлж байгаа. Шинжилгээгээр риновирус, иж томуу, бокавирум, интеровирус илэрсэн. Зарим нь үүнийг томууны вирустэй андуурч, дур мэдэн эм ууж, өвчнөө хүндрүүлэн, хатгалгаатай болоод эмнэлэгт хэвтэж байна. Шинж тэмдэг дөнгөж эхэлмэгц мэргэжлийн эмчид хандах нь томуу, томуу төст өвчнийг хурдан анагаадгийг дээр хэлсэн.
-Ханиад, томууны гол “бай” нь хүүхдүүд. “Өвлийг яаж давна даа” гэж халаглаж суугаа эцэг, эхчүүдэд урьдчилан сэргийлэх арга зөвлөөч.
-Тав хүртэлх насны хүүхэдтэй бол 22.00 цагт унтуулж, хэвшүүлмээр байна. Эрт унтаж, амарсан хүүхдийн бие махбодод өсөлтийн болон дархлаа дэмжих даавар ихээр ялгардаг. Насанд хүрэгчид ажил, амралтаа зохицуулж сурах хэрэгтэй. Компьютерынхоо ширээнээс хоёр цаг тутамд босож, тогтмол дасгал хийснээр хөдөлгөөний хомсдолоос сэргийлээд зогсохгүй дархлаа дэмжинэ. Түүнчлэн найм ба түүнээс дээш цаг унтаж амрах, гэр бүлээрээ аминдэмээр баялаг хоол, хүнс, жимс, жимсгэнэ, бүлээн шингэн ууж хэвшээрэй. Улиралд тааруулж хувцсаа тохируулж өмсөж сурцгаая. Өглөө, оройд сэрүүн болж байгаа тул хүүхдийнхээ хувцаслалтад анхаараарай. Өөрсдөөсөө шалтгаалах урьдчилан сэргийлэх эдгээр аргыг амьдралдаа хэвшүүлснээр өвдөхгүй байх боломжтой. Гараа тогтмол, савандаж угааснаар амьсгалын болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлнэ.
Бэлтгэсэн: О.Ундрах
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?
Ч.ОТГОНЦЭЦЭГ (Баянгол дүүргийн XXIII дугаар хорооны “Гурван санчир” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч):
-Манай хороонд 220 000 гаруй хүн оршин суудаг. Түүнээс бидэнд хандсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүмүүсийн дөрөв хүртэлх хувьд нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл төлөвлөгөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, өвчтөний нас, хүйс зэргийг судална. Харин 5-9 хувийг эзэлбэл өвчний дэгдэлтийн үе эхэллээ гэж үзээд эм, тарианыхаа нөөцийг хангана. 10-15 хувьд хүрвэл эмнэлгийн орны тоог нэмнэ. Жил бүр тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг дархлаажуулалтад хамруулдаг. Ингэхдээ 0-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өвчин тусах эрсдэл өндөр нөхцөлд ажилладаг эмнэлгийн эмч, ажилтан, 65-аас дээш настай болон эрсдэлт бүлгийнхнийг үнэ төлбөргүй хамруулна.
Манай хорооноос нийт 568 хүнийг дархлаажуулах шаардлагатай гэж үзээд насанд нь тохирох тунт вакцины захиалгаа Томууны үндэсний төвийнхөнд өгсөн. Аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе гэж нэрлэдэг. Гэхдээ дээр хэлсэнчлэн үзлэгт хамрагдсан хүмүүсийн тооноос хамаарч өвчний дэгдэлт эхэллээ гэж тодорхойлдог. Ханиад хүрсэн хүн гадуур их байна. Гэхдээ энэ нь томуу, томуу төст өвчин биш. Тус өвчин булчин, толгой, хоолой өвдөх, 38 хэмээс дээш халуурах, амьсгал давхцах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Үүнээс урьдчилсан сэргийлэхийн тулд аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, гараа тогтмол угаан, хоолойгоо зайлах хэрэгтэй. Амьсгалын болон ахуйн замаар халдварладаг учраас орон байр, орчноо цэвэрхэн байлгах шаардлагатай.
П.НЯМСҮРЭН (Нийслэлийн 77 дугаар цэцэрлэгийн дунд Б бүлгийн багш):
-Манай цэцэрлэг 1000 гаруй хүүхэдтэй. Миний хариуцдаг бүлэгт 47 хүүхэд хүмүүжиж буйгаас өнөөдрийн байдлаар (өчигдөр) 44 нь иржээ. Томуу, томуу төст өвчний халдвар авсан хүүхэд цэцэрлэгийн хэмжээнд ховор гэж болно. Өнгөрсөн сард ханиад хүрсэн хүүхэд олон байсан. Нэг дор олон хүүхэд цуглаж, орчин нь солигдохоор ханиах нь бий. Бид амьсгалын болон ахуйн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулсан. Жамц давсны уусмалаар хүүхдүүдийнхээ хоолой, амны хөндийг өдөрт гурван удаа цэвэрлүүлдэг. Дулааны улиралд элсэн дээр тоглуулж, агаараар чийрэгжүүлнэ. Тогооч нар хүүхдэд тохирсон илчлэгтэй хоол, хүнсээр үйлчилдэг.
Б.СУВД-ЭРДЭНЭ (Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд оршин суугч):
-Манай охин гурван настай. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгт явдаг. Томуу, томуу төст өвчнийг амьсгалын замаар халдварладаг ханиад гэж ойлгодог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ хар цайнд оруулж, шар тосоор тослоод, сармис, ногоотой шөл хийж өгдөг. Ингэснээр дархлааг нь дэмжих ач холбогдолтой. Хүйтний улиралд ханиадны вирус идэвхэждэг учраас хүүхдийг дааруулахгүй байх нь чухал. Цэцэрлэг, сургууль эхлэх үеэр ханиалгах нь элбэг. Хоол нь амт, шим тэжээл муутай байх. Охин минь цэцэрлэгээсээ өлсчихсөн ирдэг. Тиймээс өглөө явахад нь хоол хийж өгдөг. Дөнгөж босоод махан хоол идүүлэх нь ходоодонд муу байж магадгүй. Гэвч хоол идэхгүй бол тамирдаж, сульдана. Цэцэрлэгт нь өглөө ус, боов, өдрийн хоолонд будаа өгдөг гэж охин минь ярьдаг. Хангамж нь л тэр байлгүй дээ. Уг нь цэцэрлэгийн хүүхдүүдэд чанартай хүнс, аминдэмээр баялаг жимс, ногоо өгдөг бол томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхэд нь өвдсөн ч хамаагүй цэцэрлэгт нь явуулахыг хичээдэг. Асрах хүнгүй, ажлаа зохицуулах боломжгүй байлаа гээд бусдын хүүхдийг ч эрсдэлд оруулах нь буруу. Өөрийн болон бусдын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цаг зав гаргах л ёстой.
Н.ПҮРЭВЖАРГАЛ (Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн):
-Хүү минь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт хүмүүждэг. Анги нь олон хүүхэдтэй учраас амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх нь элбэг. Одоо ч ханиалгаж л байна. Жил бүр л цэцэрлэгт орсон эхний саруудад хуурай ханиалгах, нус нь гоожих шинж тэмдэг илэрдэг. Өрхийн эмч нар хангалттай зөвлөгөө өгдөггүй. Хувийн эмнэлгийнхэн үнэтэй эм бичиж, шинжилгээ авах шаардлагатай зэргээр их мөнгө авах арга хайдаг бололтой. Нэгэн хувийн эмнэлэгт үзүүлэхэд хүүхдэд минь харшлын эсрэг тариа хийж, дусал залгасан. Дуслын зүүг салгахдаа спиртээр арчсаны төлбөр гэж 3000 төгрөг авсан. Одоо ч бүрэн эдгээгүй тул хөнгөн эм, аньс уулгаж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ ариун цэврийг сахиж, хумсыг нь авч, гарыг нь тогтмол угаалгах хэрэгтэй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
ДЭМБ вакцин хийлгэхийг уриалдаг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019-2030 оны томууны стратеги гаргажээ. Энэ нь улирлын томуунаас урьдчилан сэргийлэх, амьтнаас хүнд вирус халдаж буй, эсэхийг хянах, дэлхийн хэмжээнд өвчин тархахад бэлтгэх гол зорилготой юм. Томуу манай гаргийн нийгмийн эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлуудын нэг хэвээр байна. Жил бүр нэг тэрбум орчим хүн томуу тусаж, 290-650 мянга нь нас бардаг. Тиймээс ДЭМБ томууны вакцин хийлгэхийг хүн амд уриалдаг. Дээрх зорилгод хүрэхийн тулд улс бүр томуутай тэмцэх тусгай хөтөлбөр боловсруулж, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хяналт тавих, эмчлэх илүү үр нөлөөтэй арга хэрэгсэл боловсруулах ёстой аж. Өргөн цараатай томууны ээлжит дэгдэлтэд манай гараг хангалттай бэлэн биш учир илүү үр нөлөөтэй арга боловсруулахад эл стратеги чиглэжээ. Томууны вирус жил бүр хувирч өөрчлөгддөг тул насан туршийн дархлаа тогтдоггүй. Жилийн өмнө хийлгэсэн вакцин энэ жилийн вируээс хамгаалахгүй. Тиймээс зөвхөн тухайн жилд үйлдвэрлэсэн тарилга хийлгэх шаардлагатай. Дархлаа тарилга хийлгэснээс хойш 14 хоногийн дараа тогтож, 12 сар хадгалагддаг. Вакцин хийлгэвэл зохих үе нь 10, 11 дүгээр сар гэнэ.
Манай хойд хөршид томууны вакцины кампанит ажил ид өрнөж байгаа тухай мэдээлжээ. Нийслэл Москвад урьдчилан сэргийлэх тарилга хийх хөдөлгөөнт цэгүүдээр ч, “Эрүүл Москва” павильонуудаар ч хийж буй аж. Поликлиникүүдээр арваннэгдүгээр сарын 30 хүртэл ийм вакцин хийх гэнэ.
Японд томууны тарилгыг жил бүр хийдэг. Тэгэхдээ зөвхөн тус улсын иргэд төдийгүй 4-11 дүгээр сард очсон хүн бүрт заавал биш ч хийлгэхийг зөвлөдөг. Нийслэл Токиод тарилгын кампанит ажлын сурталчилгаа хийдэггүй ч япончууд чухал ажил, эсвэл шалгалтын үеэр ханиад хүрч хэвтэхгүйн тулд хэнээр ч хэлүүлэлгүй хийлгэдэг гэнэ. Мөн вакцинуудаас өөрийн хүссэнийг сонгож, төлбөртэй (30 ам.доллар байдаг ч 50-иар хийх нь ч бий)-гөөр хийлгэж болдог. Тарилгын хяналтын улсын нэгдсэн системтэй учир давхардах эрсдэлгүй аж.
Мексикт томууны вакцинд харилцан адилгүй ханддаг. Заавал хийлгэхийг шаарддаггүй. Эрүүл мэндийн төвүүдээр үнэ төлбөргүй, эсвэл хувиар төлбөртэй хийдэг. Вакцины үр дүнг 50 хувьтай гэж үздэг. Гэсэн ч томууны улирал эхлэхэд дүүрэг бүрийн Эрүүл мэндийн төвд урт дараалал үүсэж, өглөө эрт очиж дугаар аваад бүтэн цаг шахам зогсдог тул зарим хүн төлбөртэй хийлгэдэг. Нийслэл Мехикод тарилга 80-100 ам.долларын үнэтэй.
Урд хөршид 12-2 дугаар сарыг томууны вирусийн ид дэгдэлтийн үед тооцдог. Цэцэрлэг, дунд сургуульд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр вакцинд хамруулна. Насанд хүрэгчид сайн дурын үндсэн дээр тарилга хийлгэдэг. Эм авахын тулд заавал эмчээс жор авах, шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог. Үүнд бүтэн долоо хоног шаардагдана. Хятадад томууны вакцин 50 орчим юань буюу тийм ч үнэтэй биш. Харьцуулбал, хамрын сайн цацлага 77 юань байдаг. Томууны тарилга хийлгэх соёл нэвтрээгүй ч эмнэлгүүдэд их урт дараалал үүсдэг гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал