Өчигдөр /2019.10.01/ Хонконгийн эсэргүүцэгчид БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн баярын өдрийг "Уй гашуудах өдөр" хэмээн жагсах үеэр цагдаа нар анх удаа байлдааны сумаар гал нээжээ. Жагсагч шархадсан талаар Хонконгийн цагдаагийн газар баталсан тухай BBC мэдээлэв. Өмнө нь France Press агентлаг Чунянь дүүрэгт жагсагчид цагдаа руу дайрсны дараа гал нээсэн тухай цагдаагийн эх сурвалжийг дурдан мэдээлсэн байна. BBC агентлагийн мэдээлж буйгаар бол байлдааны сумны шарх авсан 18 настай сурагч хүүгийн бие маш хүнд байгаа аж. Жагсагчид шатамхай шингэнтэй шил, гал дохионы буу ашигласан бол хуульт сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, усан минамет хэрэглэжээ. Мөргөлдөөний үеэр 30 гаруй хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэнээс хоёрынх нь бие хүнд байгаа аж. Энэ өдөр Их газрын Хятадад улс байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан түүхэндээ хамгийн том цэргийн жагсаал хийсэн юм. “Тяньаньмень”-ийн индэр дээрээс тус улсын дарга Ши Жинпин автономит мужуудыг хөгжилт цэцэглэлтийг амлаж, нэг улс хоёр системийг баримтлахаа хэлсэн байна. Их газар руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эргүүлэн татахыг шаардаж эхэлсэн Хонконгийн эсэргүүцэл 17 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.