ҮНДСЭН ХУУЛЬД 100 ЗӨВ, НЭГ БУРУУ ЗААЛТ ОРУУЛСНААС АЛИЙГ НЬ Ч ОРУУЛААГҮЙ НЬ ДЭЭР
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтсон нь хэдхэн хоногийн өмнө. Ингээд ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг санал нэгтэйгээр баталснаас хойш ч олон хоног өнгөрөөгүй байна. Гэвч үүнийг тойрсон улс төр Төрийн ордны гадна, доторгүй өрнөн, бужигнаж байна. Хамгийн хачирхалтай нь, МАН, АН хоёулаа ард нийтийн санал асуулга явуулахын эсрэг нэгдэж буй сурагтай. Энд мэдээж “Төсвийн мөнгийг хамгаалъя. Иргэдээ өвлийн хүйтэнд дааруулж хөргөчих вий гэсэндээ ингэж байна” гэсэн уярахгүй байхын аргагүй тайлбар, зүүлт дагуулах нь тодорхой. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.
...Хоригийг хүлээн авч, эдгээр заалтыг “цэвэрлэж” болно. Мөн процессын алдаа гарсан гэсэн үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргаж, орох ёсгүй заалтуудыг хасах боломжтой. Түүнчлэн ард нийтийн санал асуулгаар биш, УИХ-аар эцэслэх боломж бий. Тэгвэл дэмжинэ, дэмжихгүй гэсэн товчлуураар “аюултай” заалтуудыг унагаж болно. УИХ-аар дээрх заалтуудыг унагаж чадахгүй баталлаа гэхэд дараагийн УИХ үүнийг өөрчлөх боломжтой. Ард нийтийн санал асуулгаар баталбал дараагийн УИХ-д ийм боломж гарахгүй юм...
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нэг л биш болчихсоныг дөнгөж одоо л мэдэж эхэлж байгаа юм даг уу. “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим зохицуулалтыг засаж залруулах шаардлага бий хэмээн судлаачид хэлж, хэдэн парламент үүнийг ажил хэрэг болгохоор ажилласан. Ингээд энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааг бүтэн зориулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, ард нийтийн санал асуулгаар батлахад бэлэн болгоод буй. Гэвч олон нийтийн хүлээлтийг ашиглаж, наанаа шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан, дэвшилтэй мэт харагдах ч цаагуураа эргэлзээ, аюул дагуулсан заалтууд орсон байна хэмээн хуульч, эрдэмтэд хэлэх болов.
Тухайлбал, улс төрийн нам байгуулах босгыг огцом өндөрсгөх заалт нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчинө. Ингэснээр улс төрд шинэ хүчин орж ирэх, жижиг намууд сонгуульд оролцох боломжийг хааж, бие даагчид олширно. Энэ нь хамгийн наагуур бодоход төр, засагт эмх замбараагүй байдал даамжрах аятайхан хөрс болно. Мөн намууд гишүүний тооны хойноос хөөцөлдөж, социализмын үеийнх шиг олон гишүүнтэй, тэднээ арчилж тордохын тулд төрөөс, төсвөөс хулгайлдаг клиентелист намыг бий болгоно.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд орсон “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэсэн заалт ардчиллыг бий болгож, төлөвшүүлэхийг зорьсон 30 жилийн зүтгэлийг алга урвуулахын хооронд үгүй хийж орхихыг хэн ч анзаараагүй нь гайхмаар. Дурын асуудлыг УИХ нууц санал хураалтаар шийдвэрлэх эрхээ Үндсэн хуульд тусгахыг санаархсан байна. Хэлэлцэж буй асуудал нь юу ч байж болно, Батаагийн насаараа зүтгэж байж барьсан байшинг хурааж авах тухай байхыг ч хэн байг гэх вэ. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд л “Бид ямар санал өгөхөө харуулмааргүй байна. Нууцаар санал хураая” гэхэд гүйцээ. Энэ аймшигтай, аюултай биш гэж үү.
Гаднаас нь харахад чихэр шиг хэрнээ тун ч хортой нэг заалт байгаа талаар эдийн засагчид мөн анзаарч эхэлж байна. Энэ бол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн, олон нийтийн хамгийн их таашааж буй заалт. Энэ ганц өгүүлбэр Монгол Улсын ирэх 30 жилийг ямар ч гадаадын шууд хөрөнгө оруулалтгүй болгож, эдийн засгийн эргэлтийг царцаан, Венесуэлийн араас алхуулж дөнгөнө.
Энэ заалт батлагдвал ирэх онд болох ээлжит сонгуулиар уул уурхайгаар улс төр хийдэг “попууд” Оюутолгой болон бусад стратегийн ордын 66 хувийг төрд авах хууль санаачилж, шоудах нь гарцаагүй. Тэр нь батлагдвал хөрөнгө оруулагчид дайжиж, татвар, хөрөнгө
оруулалт үгүй болон, улс дампуурах учраас Засгийн газар үүнийг зогсоох гэж оролдоно. Улмаар Засгийн газар, парламент хоорондоо зөрчилдөнө. Улс төрийн попрол, эдийн засгийн хөнөөлийг Үндсэн хуульд текст болгож бичээд оруулчихсан болохоор зөрчилдөөн ҮХЦ рүү хөтөлнө. Эцэстээ энэ заалт Монголыг Орос, Хятад хоёрын дундах хэн ч тоодоггүй, хоосон газар болгож хувиргах вий гэсэн эдийн засагчдын болгоомжлолыг тоохгүй орхиж болохгүй биз.
Энэ мэтийн болгоомжлууштай, дахин нягталж, олон талаас нь харууштай заалт бэлэн болсон төсөлд цөөнгүй байна. Дээрх өөрчлөлтүүд энэ хэвээрээ тусвал “попууд”-ын Үндсэн хуульд дөрөөлж тоглолт хийх эрин үе эхэлж, байдал улам дордох вий. Нөхцөл байдал улам муудаж, эмх замбараагүй байдал үүсээд ирэхээр Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу, парламентынхыг уу гэж олон нийтээс асуух ч шаардлагагүйгээр иргэд өөрсдөө дарангуйлагчийг хүсээд, тодруулчихдаг юм билээ шүү.
ХАРГИС КАПИТАЛИЗМ+ФАШИЗМ
Олон жил ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг амлан авч, ханцуй шамлан зүтгэсэн хүмүүс боловсруулсан төсөлдөө харьцангуй дэвшилт санаануудыг тусгаж, тийшээ зүтгэж явтал хажуугаар нь огт хамаагүй зүйл чихэж, өөрчлөлт хийснээс хийгээгүй нь дээр хэмжээнд аваачсан. Хэрэв санаж байвал дээр дурдсан заалтуудын дийлэнх нь замын дундаас орж ирсэн. Заримыг нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр, заримыг нь бүр хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсөлд шургуулсан. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг төслийн эцсийн найруулгыг сонсож байхад “найруулга” нэрээр оруулсан. Ийнхүү Үндсэн хуулийн гол үзэл санаа нурсан. Одоо туслах болон холбоосын үүрэгтэй заалтууд нь үлдсэн. Анх өргөн барьсан төслийн зарчмын гол заалтуудыг зөвшилцөл нэрийн дор унагаж, хасаад, шинэтгэлийн үйл явцад чиглэсэн зүйлсийг няц дарах заалтууд оруулсны нэг нь энэ. Манайхыг эдийн засгийн аргаар боомилж унагах их гүрний бодлого ч энд тэнэж явахыг үгүйсгэхгүй.
Үндсэн хуулийг өөрчилбөл бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, хүлээлт үүсгэчихээд, үүндээ итгэж энэ заалтуудыг баталчихвал харгис капитализм дээр фашизм нэмэгдэнэ. Тэр үед олон нийтийн хүлээлт талаар болж, Үндсэн хуулиа бүтнээр нь үгүйсгэнэ. Улмаар ардчиллыг үзэн ядна.
ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ
Ард нийтээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн шийдүүлбэл дээрх аюулаас зайлах боломж хомс. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээр баталсан бол дахиад ард нийтийн санал асуулгаар л цуцлах боломжтой. Ойрын 20-30 жилд дахин ийм тохироо бүрдэх нь юу л бол. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд ард нийтийн санал асуулга тохиромжтой хувилбар биш. Нэгэнт УИХ-аас шийдвэр гарчихсан. Үүнийг өөрчлөх боломжгүй гэж үү. Байгаа.
Ерөнхийлөгчийн хоригийг ашиглах боломж бий. Хоригийг хүлээж авч, эдгээр заалтыг “цэвэрлэж” болно. Мөн процессын алдаа гарсан гэсэн үндэслэлээр ҮХЦ-д гомдол гаргаж, орох ёсгүй заалтуудыг хасах боломжтой. Түүнчлэн ард нийтийн санал асуулгаар биш, УИХ-аар эцэслэх боломж бий. Тэгвэл дэмжинэ, дэмжихгүй гэсэн товчлуураар “аюултай” заалтуудыг унагаж болно. УИХ-аар дээрх заалтуудыг унагаж чадахгүй баталлаа гэхэд дараагийн УИХ үүнийг өөрчлөх боломжтой. Ард нийтийн санал асуулгаар баталбал дараагийн УИХ-д ийм боломж гарахгүй юм. Хувилбарууд бол байна. Хэрхэх нь улстөрчдийн шийдэх хэрэг.