ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тамхи, хар тамхины хэрэгт холбогдож байгаа дипломатуудын тухай?
-Хуучин улс төрчдөд найрч тавьж, томилж, Элчин сайд болгодгоос болж эсвэл өөр бусад төрийн байгууллагатай хамтарч, консулыг томилдгоос болж ийм асуудал үүсээд байгаа. Миний хувьд алдаа гаргаж, хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг дипломат ажилтнууд гэж бодохгүй байна. Надад ч ийм мэдээлэл байхгүй. ГХЯ-ны харьяа дипломат бус ажилтнуудаас болж ийм асуудал үүсч байгаа.
Мөн элчин сайдыг нь хараахан томилоогүй байгаа улс орнуудын хувьд шийдвэрээ яаралтай гаргах ёстой.
-МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарыг томилуулах саналыг сонгуулийн дараа хүргүүлсэн байсан?
-Томилуулах албан бичиг явж байсан. Тэр бичгийг тодруулна. Яагаад гарч ирэх болов гэдгийг тодруулж байгаа. Ер нь сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. УИХ-ын гишүүдээс ийм бичиг авч байсан гэсэн. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах нь зүйтэй.
-Таны гарын үсэг албан бичиг дээр байсан шүү дээ. Та өөрөө гарын үсэг зурдаггүй юм уу?
-Тэр бичиг бол намаас ирсэн бичиг байсан. Жишээлбэл, нэгнийхээ албан бланк дээр зурсан юм уу эсвэл өөр шалтгаантай эсэхийг тодруулна.
-Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу?
-Мэдэхгүй юм байна. Тодруулъя. ЗГХЭГ-т нэлээдгүй олон гэрээт ажилтнууд авсан юм билээ. Дийлэнхийнх нь гэрээг цуцалж байгаа. Тэр дунд олон дарга нарын туслах, зөвлөх байсан хүмүүс байдаг юм билээ. Нэрсийг удахгүй дэлгэнэ. Дээрээс нь ЗГХЭГ-т дахин гэрээт ажилтнууд гэж байхгүй болно. Харин төрийн жинхэнэ мэргэшсэн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой.
-60 тэрбумын хэрэг дээр таны нэр гарсан. Энэ талаар?
-Миний нэр холбогдоод, буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн. Саяхан Ц.Сандуй ярилцлага өгсөн. Миний ойлгосноор тэр нэг ном бичиж байгаа юм байна лээ. Хоёрдугаарт, 60 тэрбумын хэрэг АТГ-т ирээд хаагдсан. Дараа нь эргэж сэргээгдсэн. Надад ирсэн мэдээллээр хэрэг прокурор дээр шалгагдаад, бичлэгт тодорхой хүмүүс байгаа нь тогтоогдсон. Тэгээд шүүх дээр очиж байгаа юм шиг байсан. Яагаад шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийсэн нь сонирхолтой санагдаж байна. Дээрээс нь тэр өөртөө их итгэлтэйгээр мэдэгдсэн нь хардах сэдэл төрүүлсэн. Тэгээд сүүл рүүгээ тухайн үед М.Энхболд гэдэг хүн байгаагүй, Л.Оюун-Эрдэнэ миний бие байсан юм шиг болж хувирлаа. Юуны өмнө би бичлэг хийгдэх үеэр Монголд байгаагүй.
Мөн бичлэгт Ерөнхий сайдын хөл гарыг тасалж, аалз болгох тухай ярьсан байдаг. Бид хоёр тэгээд хөл, гараа таслах тухай яриад сууж байх үеэрээ М.Энхболдын дуу хоолойг дуурайж ярьсан болж таарах гээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, 60 тэрбумын хэрэг дээр ямар нэгэн тохироо явагдаж байна уу гэсэн хардах сэдэл төрснийг нуугаад яах вэ. Дараа нь намын бичиг гарч ирсэн. Нэлээдгүй олон хэвлэлээр цацагдсан. Тэгэхээр энэ зохион байгуулалттай явж байна уу гэж харж байна.