Өнгөрсөн ням гарагт/2019.09.29/ дэлхийн 40 гаруй хотод Хонконгийн эсэргүүцэгчдийг дэмжсэн жагсаал цуглаан болжээ. Тайванийн нийслэл Тайбэй хотод усан бороог үл анзааран 50 мянган хүн “Хонконгийн эрх чөлөөний төлөө”, “Тайвань Хонконгтой хамт” зэрэг уриа хашхиран жагссан тухай “France-Pressе” агентлаг мэдээлэв. Шар шүхэр барьсан Тайванчууд эсэргүүцэгчдийн таван шаардлагыг бүгдийг нь биелүүлэхийг Хонконгийн засаг захиргаанд уриалсан байна. Тус агентлаг мөн Австралийн Сидней хотод олон мянган хүн Хонконг дахь эсэргүүцэгчидтэй эв санааны хувьд нэгдмэл гэдгээ илэрхийлэн жагссаныг мэдээлжээ. Жагсагчдын дийлэнх нь Хонконгийн жагсаалын бэлгэ тэмдэг болох хар өнгийн хувцас өмсөж "Хонконгийг аваръя", "Дарангуйллыг зогсооё" гэсэн лоозон барин жагссан байна.Цахим сүлжээгээр Хонконгийн эсэргүүцлийг дэмжиж жагсаал цуглаан өрнүүлэх уриалга тархсан тул дэлхийн хотууд ийнхүү жагсжээ.