Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман Аль Сауд Стамбул хотод сэтгүүлч Жамал Хашкажигийн амь насыг хөнөөсөн хариуцлага хүлээхээ мэдэгджээ. Энэ тухай Пүрэв гарагт АНУ-ын олон нийтийн мэдээллийн “PBS” сувгийн сайтад байрлуулсан “Frontline” цуврал баримтат киноны сурталчилгаанд дурдагджээ. Сэтгүүлч Мартин Смитийн дээрх баримтат кино 10-р сарын 1-нд тус сувгаар цацагдах юм байна. "Эл хэрэг намайг албан үүргээ гүйцэтгэж байх үеэр (PBS хувилбараар “миний ээлжинд”) гарсан. Тэгэхээр би бүрэн хариуцлага хүлээх болно" гэж ханхүү хэлжээ. Тэрбээр улсдаа хааны дараа хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Гэсэн хэдий ч тэрээр Хашкажид юу тохиолдоод байгаа талаар мэдээгүй хэмээн зүтгэжээ. Саудын Арабад "20 сая иргэн, 3 сая төрийн албан хаагч" байдаг бөгөөд тэдгээр нь өөрийн хөтөлбөр, даалгавартай байдаг тул хүн болгоны юу хийж байгааг мэдэх боломжгүй юм гэж Мохаммед бин Салман Аль Сауд ярьсан байна. "Алуурчдын баг" -ын гишүүд Эр-Рияд ба Стамбулын хооронд хааны хувийн бизнес онгоцыг хөлөглөсөн тухай асуултад ханхүү “Албан тушаалтнууд, сайд нарт хариуцлагын хүрээ байдаг. Тэдэнд ийм эрх бий (хааны гэр бүлийн онгоцнуудаас ашиглаж болох)” хэмээн тайлбарлажээ. Эр-Риядын улс төрийн талаарх шүүмжлэлтэй нийтлэлээрээ алдартай Хашкажи 2018 оны 10-р сарын 2-ны өдөр Стамбул дахь өөрийн улсын Ерөнхий консулын газар очих үеэр алга болсон билээ. 10-р сарын 20-нд Саудын Арабын эрх баригчид Хашкажийг сөргөлдөөний улмаас үр дүнд дипломат төлөөлөгчийн газрын байранд амиа алдсан гэж мэдэгдсэн юм. Эл хэргийг дэлхийн нийт эрс буруушааж, Эр-Риядыг ил тод мөрдөн шалгах ажлыг явуулахыг уриалсан юм.