Өчигдөр буюу Пүрэв гарагт /2016.09.26/ Францын домогт Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгсжээ. Энэ тухай түүний гэр бүл мэдэгдсэнийг АPF агентлаг уламжлав. “Тэрбээр гэр бүлийнхээ хүрээнд өвдөж зоволгүй тайван замаар нас барлаа” гэж хүргэн Фредерик Сала-Балу ярьсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхээр Родец хот явах төлөвлөгөөгөө цуцалсан байна. Елисейн ордны мэдээлснээр тэрбээр Жак Ширакийн дурсгалд зориулж ард түмэндээ хандаж үг хэлэхээр болжээ. Францын Үндэсний хурал нэг минут дуугүй зогсон гашуудлаа илэрхийлэв. Жак Ширак 1995-аас 2007 оны хооронд Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Дэлхийн II дайнаас хойш Францыг хамгийн удаан хугацаанд удирдсан хоёр дахь хүн болсон байна. Тэрээр энэ үзүүлэлтээр өөрийнхөө өмнөх ерөнхийлөгч Франсуа Миттераны дараа эрэмбэлэгддэг. Тэрээр албан тушаалаасаа бууснаас хойш авилга, албан тушаалын хэд хэдэн хэрэгт холбогдон ч түүхэнд агуу удирдагч, улс төрч гэдгээрээ нэрээ үлдээсэн юм. Тэрбээр Иракийн дайныг хатуу эсэргүүцэж Франц улсыг эл дайнд оролцуулаагүй, Дэлхийн II дайны үед еврей иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэхэд Францын засгийн газрын гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны ерөнхийлөгч юм. Жак Ширак 12 жил цөмийн зэвсэгт улсын төрийн тэргүүн байхдаа АНУ-аас үл хамааран Франц улсыг өөрийн бодлоготой байлгасан агуу улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн байв. Түүний үхэл зөвхөн Францын төдийгүй дэлхий дахины уй гашуу болж буйг олон орны удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнууд онцолж ээ.