Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаглалын хэлбэр ямар байхыг иргэдээс асуух саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад оруулахыг уламжилсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж засаглалын хэлбэрийн талаар өөрийн байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих нь буруу биш. Хэрэв Орос, Хятад хоёр бүрэн ардчилсан улс болж, парламентын засаглалд шилжвэл Монголд Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж болох юм. Хөрш хоёроосоо төрийн өөр дэглэмтэй байх нь Монголд өлзийтэй. Засаглалын хэлбэрээ сонгох эрх чөлөө нь зөвхөн биднээс биш, геополитикийн газар зүйн, улс төрийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Бид хоёр хөршөөсөө өөрөөр харагдах учиртай юм" гэлээ.