АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын улс төрийн тэмцэлдээ дэмжлэг авахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн асуудлаар конгресс мөрдөн шалгах ажил эхлүүлээд байгаа билээ. Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярилцахдаа түүнээс Жо Байдены хүү Хантер Байдены эсрэг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг шаардсан явдал байв. Жо Байден нь АН ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч бөгөөд Трампын хамгийн аюултай өрсөлдөгчийн нэг юм. Өчигдөр /2019.09.25/ Цагаан ордон Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг ил болгожээ. Тэмдэглэлд бичсэнээр бол Трамп Украины ерөнхийлөгчийг Жо Байдений үйл ажиллагааг мөрдөн шалгах ажлыг сэргээх талаар АНУ-ын Ерөнхий Прокурортой холбоо барихыг санал болгосон бол Зеленски Украин дахь АНУ-ын элчин сайд асан талаар гомдол мэдүүлж мөн АНУ-д хийсэн хамгийн сүүлийн айлчлалынхаа үеэр “Трамп Тауэр” зочид буудалд байсан гэдгээ мэдэгджээ. “Хүүгийнх нь компанийг авилгын хэргээр шалгаж байсан прокурорын ажиллагаанд Байден нөлөөлж зогсоосон гэсэн яриа их байдаг. Энэ асуудлыг тодорхой болгохыг олон хүн хүсэж байгаа тул манай ерөнхий прокурортой танай тал хамтарч ажиллавал тун сайн байна” гэж Трамп ярьжээ. Үүний хариуд Зеленски Украинд шинэ ерөнхий прокурор томилогдох гэж байгаа бөгөөд тэр хүн 100 хувь өөрийнх нь талынх тул уг асуудалд анхаарлаа хандуулах болно гэжээ. "Энэ хэргийг мөрдөн шалгах явдал нь шударга байдлыг тогтоох асуудал мөн бөгөөд бид үүнд анхаарал хандуулж ажиллах болно” гэж Украины ерөнхийлөгч амласан байна. Үүнээс гадна Трамп 2016 оны сонгуулийн үеэр Үндэсний Ардчилсан Конгрессын серверээс мэдээлэл алдсан тухай асуудлыг тодруулж өгөхийг Зеленскигээс гуйжээ. Трампын өмгөөлөгч Руди Жиулианигийн мэдэгдсэнээр бол эл цахим халдлагад Украин үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай аж. “Манай Ерөнхий прокурор тантай эсвэл таны хүмүүстэй холбогдоод хамтдаа энэ хэргийн учрыг олоосой гэж би хүсэж байна. Та боломжтой бол үүнийг хийх нь маш чухал байна” гэж Трамп ярьжээ. Мөн тэрбээр 2016 оны сонгуульд Оросын оролцооны талаар Роберт Мюллерийн мөрдөн шалгах ажил чадваргүй болсон, гэхдээ “их олон зүйл Украинаас эхтэй” хэмээн нэмж хэлсэн байна. Хоёр ерөнхийлөгч Европын орнуудын удирдагчдыг талаар хэлэлцсэн аж. Германы канцлер Ангела Меркел "Украины тухай ярьдаг атлаа юу ч хийдэггүй" гэж Трамп хэлжээ. Зеленский Америкийн ерөнхийлөгчтэй санал нэгдсэн байна. Тэрбээр Трампад Европын орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангалттай хянадаггүй, хэрэг дээрээ АНУ Украины төлөө Европын Холбооноос илүү их зүйлийг хийж байгааг онцолжээ. Уг ярианы тэмдэглэлийн нууцыг зэрэглэлийг мягмар гарагт Трампын тушаалаар цуцлан ил болгосон байна. Баримт бичигт харилцан яриаг үг бүрчлэн дамжуулаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан нарын ярианы үеэр хийсэн тэмдэглэлийг үндэслэсэн гэсэн сануулга хавсаргажээ. Трамп утсаар ярихдаа Зеленскийд шахалт үзүүлэхийн тулд Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг гацаагаагүй нь тэмдэглэлээс харагдаж байна гэж Цагаан ордны албаныхан тайлбарласан бол Конгресс дахь Трампыг эсэргүүцэгчид эсрэг байр суурьтай байна. Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны дарга Адам Шифф эл ярианы тэмдэглэл Трампын санаа бодлыг бэлхнээ харуулж байна гэжээ. “Украины Ерөнхийлөгч өөрийн улсдаа цэргийн тусламж хэрэгтэй байгаа асуудлыг дэвшүүлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч тэр дороо “Би танаас нэг зүйл хүсч байна ...” гэж хэлсэн. Украины Ерөнхийлөгч энэ яринаас нэг л дохио авсан. Энэ бол надад хэрэгтэй зүйл харин танд хэрэгтэй зүйлийг би мэдэж байна. Аливаа мафийн боссын нэгэн адил ерөнхийлөгч заавал – танай улс үнэхээр үзэсгэлэнтэй, хэрэв энэ сайхан улс оронд ямар нэг зүйл тохиолдвол харамсалтай ... гэж хэлэх шаардлагагүй байсан. Учир нь энэ нь ярианаас маш тодорхой байсан "гэж тэрбээр эл яриаг тайлбарлажээ