Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий чуулганы үеэр олон улсын аюулгүй байдлын үндэс суурь халдлагад өртөж, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэв. Тэрбээр өнөөдөр дэлхий дээр хүний амь энэ сумны үнэ буюу 10 доллартой тэнцэж байгааг хэлээд индэр дээрээс танхимд цуглагсадад том калибрын сум харуулжээ. "Өнөөдөр Украин, Сири, Ливи, Йемен гээд дэлхийн аль ч улсад ямар ч дайн болж байсан энэ нь бүхэлдээ хүн төрөлхтний соёл иргэншилд заналхийлж байна. Улс хоорондын зөрчилдөөнийг үгээр биш харин урьдын адил пуужингаар шийдвэрлэсээр байна ”гэж Зеленски хэллээ. Эдгээр зөрчилдөөний нэг Донбассын дайн Украин улсад шууд нөлөөлж байгааг Украины ерөнхийлөгч онцолсон аж. Түүний хэлснээр энэ дайнд 13 мянган хүн амиа алдаж, 30 гаруй мянган хүн шархдаж, нэг сая хүн орон гэрээсээ дүрвэх болжээ. Энэ тоо өссөөр байгааг тэрээр тэмдэглэв. Ерөнхийдөө Украины ерөнхийлөгчийн хэлсэн үг дайныг эсэргүүцсэн үг байлаа. Москва Донбасс дахь Оросын дэмжигч хүчинд улс төрийн төдийгүй цэргийн дэмжлэг үзүүлдэг гэж дэлхийн олон улс үздэг. Украин уг мөргөлдөөнийг цэргийн түрэмгийлэл гэж нэрлэдэг бөгөөд өөрсдийн хяналтад байдаггүй Донбассын газар нутгийг булаан эзлэгдсэн гэж үздэг юм. Харин Москва Донбассын мөргөлдөөнд өөрсдийн оролцоог эрс няцаасаар байгаа билээ.