Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын шилдэг төлөөлөл болсон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож буй. Өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Өдөрлөгийн нээлтэд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, Эрдэнэс Монгол ХХК-ий захирал П.Ганхүү, Эрдэнэс ТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УУХҮЯ-ны ГУУБХЗГ-ын дарга Б.Мөнхтөр, АМГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа, Геологи судалгааны төв ТӨҮГ-ын дарга Н.Ганболд, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн Сургуулийн доктор (PhD), профессор С.Цэдэндорж нар оролцлоо.
Эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувь, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0 хувь, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.
Өнөөдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны ерөнхий танилцуулгыг хийж, урлагийн үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага, яамны газар, хэлтсийн дарга нар тайлангаа тавьж байна.
Өдөрлөгт Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Тавантолгой түлш” ХХК, “Оюу толгой”ХХК, “Шивээ Овоо”ХК зэрэг уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын голлох байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байгаа юм.