Самар, тэр дундаа арахис буюу газрын самар зарим хүнд харшил үүсгэдэг сөрөг талтай. Шинжлэх ухаан саяхан болтол ийм харшилд хэрэглэдэг эм, бэлдмэл “олоогүй” байсан юм. Тэгвэл АНУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын газрын мэргэжилтнүүд газрын самрын харшлын үед хэрэглэх бэлдмэл гарган авсан талаараа мэдээлжээ. “Science” сэтгүүлд нийтэлснээр, газрын самрын уургаас гарган авсан эл бэлдмэл нь харшлын урвалыг бууруулах аж.
Мөн тодорхой хугацаанд тогтмол хэрэглэснээр уг самраас харшлахгүй болгох давуу талтай гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнд бие махбодыг нь дасгах юм байна. Бэлдмэлийг Америкийн нэр хүндтэй 200 эмч, харшил судлаач батламжилжээ. Үүнийг гарган авахаар 2011 оноос хойш ажилласан бөгөөд Засгийн газраас нь 3.5 сая долларын дэмжлэг үзүүлсэн гэнэ.
Э.Хана