Хятадын эрх баригчдын шийдвэрээр тус улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Хэнань, Нинся, Ганьсү муж дахь лалын сүм, дуганыг устгасан тухай Британийн Independent сонин мэдээлэв. Тодруулбал Хятадын хүн амын тоогоороо хамгийн их лалын шашинт хуэй үндэстэн амьдардаг Линсиа хотын ойролцоох нэгэн тосгоны сүм дугануудын оройг дэлбэлжээ. Үүнээс гадна Юньань мужийн гурван сүмийг хааж, улс даяар араб бичгийг хориглосон байна. Өнгөрсөн оны 8-р сард НҮБ –ын хүний эрхийн асуудлыг эрхэлсэн газрын төлөөлөгчид Хятадын Шинжаан мужид байрладаг коммунд "хууль бусаар" 1 сая орчим уйгар үндэстэн хоригдож байгаа тухай "бодит мэдээлэл" авсан талаар мэдэгдсэн юм. Үүний хариуд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газар Шинжаан мужийн мэргэжлийн боловсрол сургалтын Цагаан бичиг баримт гэгчийг хэвлэн гаргасан аж. Тус баримт бичигт Шинжааныг терроризм ба хэт даврагч үзэлтэй тэмцэх гол тэмцлийн талбар гэж дурдаад энэ тэмцэлд Хятад улс чухам ач холбогдол бүхий амжилтад хүрсэн гэж тэмдэглэжээ.