Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн XIII их хурлыг манай улсад өнгөрсөн сард зохион байгуулахад өнөө жил А хүрээний H1N1, H3N2 болон В хүрээний вирусүүд дэгдэх магадлалтайг эрдэмтэд анхааруулсан. Тиймээс ЭМЯ уг гурван төрлийн үүсгэгчийн эсрэг 159.2 мянган хүн/тун вакцин захиалаад байгаа. Тэгвэл хэзээнээс вакцин хийж эхлэх талаар ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Вакциныг ирэх сарын 10-нд оруулж ирэх болсон. Дархлаажуулалтыг 15-20-нд хийнэ” гэсэн юм. Эхний ээлжид хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дархлаажуулах аж. Томуугийн болон хатгалгааны вакциныг сайн дураараа хийлгэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ эмнэлгийн Дархлаажуулалтын кабинетад хандах ёстой.
Ташрамд дурдахад, Засгийн газар, ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв зэрэг байгууллагын дэмжлэгээр манай улсад томуугийн вакцин оруулж ирдэг. Дархлаажуулалтыг ханиад, томуу дэгдэж эхлэхээс нэг сарын өмнө хийх ёстойг эмч нар анхаарууллаа.