Бүгд Найрамдах Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо.
Уулзалтад Энэтхэгийн Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчид оролцож, санал бодлоо солилцов.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн салбарт баримталж буй бодлого, хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт зочид, найз нөхөд, бизнес эрхлэгчид ээ,
Хатагтай, ноёд оо,
Өнө эртний уламжлалт, найрсаг харилцаатай, “оюун санааны хөрш” Энэтхэг улсад айлчилж, Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож байгаа Та бүхэнд баяр хүргэе!
Энэтхэг улс нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой, манай “гуравдагч хөрш” улс юм. Хоёр улсын харилцаа өргөжин тэлсээр “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд дөрвөн жил болжээ. Цаашдаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх нөхцөл боломжууд энэ удаагийн айлчлалаар нээгдэж буйг тэмдэглэхэд миний бие таатай байна. Монгол Улс нь дэлхийн долоо дахь эдийн засаг болох Энэтхэг улстай эдийн засгийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх болно.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид Та бүхний хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, уул уурхай, эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа эхлэн, өргөжүүлж байгаад таатай байна.
Ерөнхий сайд Нарендра Модигийн манай улсад хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам шийдэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам зэргийг Монголын тал барьж дуусгаад байна. Зөвхөн энэ төслийн хүрээнд гэхэд Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид та бүхэнд олон шинэ боломжууд нээгдэж байгаа юм.
Энэтхэг улс нь мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийн арвин туршлагатай. Хоёр улсын хүн амын харьцангуй залуужсан байдлыг анхааран улам бүр цахимжиж буй өнөөгийн ертөнцөд мэдээллийн технологийн салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор манай хоёр улс Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах, 1994 онд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэгийн талтай хэлэлцэж буй бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өөр хаа нэгтээгээс эрээд байхааргүй маш их нөөц боломжууд байна. Эдгээр нөөц боломжуудыг илрүүлэн гаргаж ирж, ажил хэрэг болгоход бид бүхний хүчин зүтгэл шаардлагатай. Нөгөө талаас хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зарим бэрхшээл шалгуур байгааг ч бас ойлгож байна. Гэхдээ хийх хүн аргыг нь олно, хийхгүй хүн шалтаг хайна гэсэн үг байдгийг санацгаая. Хоёр талын хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, Монгол, Энэтхэг хоёр улсыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөөх үйлсэд хамтдаа урагшилцгаая.
Бизнес уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.