"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг өнөөдөр "Монгол Улс дахь мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайг урьж оролцууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулдаг өглөөний уулзалтад төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, сэтгэл судлаач, сэтгүүлч, оюутан залуус, ахмадууд зэрэг олон бүлгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
...Мансууруулах бодис хүний эрүүл мэнд, амь насанд нөхөж баршгүй хор хохирол учруулдаг бөгөөд ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээс хамаарч хүний биед үзүүлэх нөлөөлөл нь харилцан адилгүй байдаг. Наад зах нь нойрны хэм алдагдах, утга агуулгагүй нэг төрлийн үйлдэл давтан хийх, зүрхний хэмнэл хурдсах, цусны даралт ихсэх зэргээс өгсүүлээд хэт нойрмог байдалтай болох, сэтгэлийн хөдлөл ихсэх, удаашралтай ярих, ярианы явцаас хоцрох, сэдвээ ойлгохгүй байх, дуулгавартай болох (зарим тохиолдолд үг дуугүй захирагдах), өдөр шөнийн аль ч цагт харанхуйд, ганцаараа, чимээгүй орчинд байхыг хүсэмжлэх, арьс цонхийх, хүүхэн хараа жижигрэх, мөн ойр орчмын гэрэлд хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болох, өвчин мэдрэх чадвар буурах, хоол идэх, уух дуршил багасах, элэг үхжих, судасны өвчинд өртөх, кальцийн солилцоо муудсанаас шүд унах, бэлгийн сулралд орох, оюун ухааны чадвар буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг дурдаж болно. Түүнчлэн зарим төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээр ХДХВ болон гепатит өвчин тусах өндөр эрсдэлтэй болдог байна.
Мансууруулах бодисыг хууль зүй, анагаах ухаан, химийн шинжлэх ухаанууд тус тусын шалгуураар тодорхойлсон байдаг. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс авч үзвэл бүх мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис “мансууруулах бодис” гэх ойлголтод багтана. Олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдэд зааснаар мансууруулах бодис гэдэгт Мансууруулах эмийн тухай НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенц (1972 оны протоколоор оруулсан нэмэлт, зааврын хамт), түүний 1, 2 дугаар жагсаалтад заасан эмийн найрлагыг агуулсан, байгалийн болон нийллэгжүүлж гаргаж авсан бөгөөд онцгой төрлийн мансууруулах үйлчилгээ үзүүлж, хүч тамир барагдуулдаг, удаан хэрэглэвэл сэтгэцийн өвчнийг өдөөдөг бодисыг ойлгодог билээ. Иймд хар тамхи гэдэг нь хар тамхины намуу цэцгийн ургамал(опиум)-уудад оноож өгсөн хар ярианы хэллэг бөгөөд албан ёсны баримт бичигт хэрэглэгдэх шинжлэх ухааны нэр томъёо биш юм. Хар тамхи буюу narcotics нь “narcosis” гэх Грек үгээс гаралтай ба хөдөлгөөнгүй, нойронд автах, саажих гэсэн утга илэрхийлдэг байна.
Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах явдал нь юуны өмнө хүний эрх зөрчигдсөн тухай асуудлыг шалгаж, шийдвэрлэхдээ зөрчигдсөн эрхийг бүрэн дүүрэн сэргээн эдлүүлэх хамгийн үр дүнтэй арга замыг тодорхойлж, ажиллахыг хэлдэг.
Олон улсад мансууруулах бодисын хэрэглээ ихэссэнээр тээвэрлэлт, борлуулалт гэх мэт хууль бус үйлдлүүд дэлгэрч нэг улсын газар нутгаар хязгаарлагдахаа больж хар тамхи бий болохоос авахуулаад эцсийн хэрэглэгчид хүрэхэд олон шат дараалалтай, олон орон нутгийг хамрах болсон байна. Тэгвэл энэхүү зайлшгүй шаардлагыг үндэслэн НҮБ-аас хэд хэдэн конвенцийг батлан гаргаж, мөрдүүлж эхэлсэн нь олон улсын түвшинд мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байна.
Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийг батлах чуулга уулзалтад 75 улс оролцож, 1961 оны 01 дүгээр сарын 24-өөс 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд хуралдаж конвенцийг баталжээ.
Мансууруулах бодисын тээвэрлэлт, борлуулалт гэх мэт хууль бус үйлдэл нь нэг улсын газар нутгаар хязгаарлагдахгүй ба хар тамхийг тариалахаас эхлээд хэрэглэгчид хүргэхэд олон шат дамжлага, олон улс орныг татан оролцуулдаг. Иймд НҮБ улс орнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 1988 оны 13 дугаар сарын 20-ны өдөр Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн тухай конвенцийг баталсан байна. 1997 онд мансууруулах бодис болон түүнтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарлаа хандуулж ажилладаг НҮБ-ын тусгай байгууллага болох Хар тамхи болон Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /UN Office on Drugs and Crime/ байгуулагдсан юм.Тус байгууллага улс орнуудын мансууруулах бодистой холбоотой нөхцөл байдлыг жил бүр тайлагнаж мэдээлдэг.
Монгол Улс нь дээр дурдсан конвенцуудад нэгдэн орсноор олон улсын хэмжээнд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үүрэг хариуцлага хүлээсэн ба үндэсний хууль тогтоомжоо уг конвенцуудтай нийцүүлэх, мансууруулах бодис болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Монгол Улсад мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой 10 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль (2002), Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль зэргийг дурдаж болно.
Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодист донтсон бол “өвчтөн” хэмээн үзэж, эмчилгээ, нийгэмшүүлэх арга хэмжээ авахыг тэргүүн ээлжинд анхаарах нь дэлхий нийтийн хандлага болж байгааг уулзалтын үеэр хэлэлцэв. Хэрэглэгчдийн тоо, хууль бус эргэлтийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог хөрш орнуудтай, цөөн хүн амтай, хүн амын ихэнхийг хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг манай орны хувьд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын эсрэг хатуу чанга бодлого баримталснаар үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд асар их хор хөнөөл учруулж болзошгүй нөхцөл байдалд хүрснийг өнөөдрийн уулзалтад дурдагдсан тоо баримтууд илхэн харуулж байна.