Израильд парламентын дахин сонгууль болж өндөрлөв. Тус улс сүүлийн зургаан сарын хугацаанд засгийн газар байгуулах хоёр дахь оролдлого нь энэ юм. Урьдчилсан мэдээгээр, Израилийн парламентын ээлжит сонгуулийн 90 хувийн санал тоолсны дараа нийт 120 суудлаас эрх баригч Ликуд нам 31 суудал, зүүн-төв үзэлтэй эвсэл "Кахол-Лаван холбоо" 32 суудал авчээ. Ийнхүү Бенжамин Нетаньяхугийн засгийн эрхэнд байх нь асуудалд ороод байна. Ерөнхий сайдын эх сурвалж “France Presse” агентлагт өгсөн мэдээллээр Нетаньяху ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йорк явах төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Тэрбээр Нью-Йоркт өөрийн "найз" Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, хоёр улсын хоорондох батлан хамгаалах гэрээг хэлэлцэх байжээ. Амаргүй сонгууль түүний энэ төлөвлөгөөг нураажээ. Гэхдээ ганц суудлын илүү санал авсан “зүүний төв" эвсэл олонх болж чадахгүй тул өрсөлдөгч хүчинтэй тохиролцож нэгдсэн засгийн газар байгуулах болно. Харин Ерөнхий сайдын суудлыг зээлэхийн тулд намын дарга парламентын 61 гишүүдийн саналыг авах шаардлагатай бөгөөд энэ нь тус улсын улс төрийн хямралыг улам хурцатгах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа аж. 69 настай Нетаньяху Израилийн засгийн газрыг нийтдээ 10 гаруй жил удирдаж байгаа ч тав дахь удаагаа хүч үзэхээр зэхэж байна. Тэрбээр сонгуулийн өмнөхөн маш эрсдэлтэй алхам хийж, ялалт байгуулсан тохиолдолд Иорданы баруун эргийн Иудейн хөндийг өөрийн улсад хавсаргана хэмээн сонгогчдод амласан явдал Арабын ертөнцөд уур бухимдлыг төрүүлсэн юм. Израилийн сонгогчдын өгсөн саналыг үзвэл улс төрд зүүний төв үзлээс хандах хандлага нийгэмд өгүүлэгдэж байгаа бололтой. “Кахол-Лаван” бол Израилийн улс төрийн хоёр дахь том хүчин гэж тооцогддог ч хэзээ ч ийм амжилтад хүрч байгаагүй ажээ. Эл улс төрийн эвсэл нь 2019 оны сонгуульд тусгайлан байгуулагдсан бөгөөд Израилийн Батлан хамгаалах хүчний Ерөнхий штабын дарга асан Бенни Ганзын байгуулсан “Израилийн Тогтвортой байдал”нам, Израилийн нэрт сэтгүүлч Яираар удирдуулсан “Ирээдүй” нам мөн Батлан хамгаалахын сайд асан Моше Яалоны "Телем" намаас бүрддэг аж. Одоо Нетаньяхуд баруун жигүүрийнхэн болон шашны намуудын оролцоотойгоор эрх баригч нам байгуулах боломж тун хомс болжээ. Түүгээр ч зогсохгүй саяын сонгуулийн үр дүнг өнгөрсөн 4-р сарын санал хураалттай харьцуулахад түүний байр суурь их суларсан харагдана.