Бүрэн эрхийнхээ гурван жил гаруйг зарцуулсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар энэ УИХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж буй бололтой. Эрх баригч хүчний дарга УИХ-ыг тараах санаачилга гаргаж, гишүүд нь ч үүнийг дэмжин гарын үсэг зурцгааж байна. Гишүүн байх хугацаагаа ганц хоногоор боловч сунгах хүсэлтэй явдаг хүмүүс бүрэн эрх дуусахаас өмнө УИХ-ыг тараахаар санал нэгдэж буй нь итгэхэд бэрх хэдий ч үнэн.
УИХ-ЫГ ТАРААХ ШАЛТГААН НЬ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ЗАРДАЛ БИШ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батламжлах шийдвэрийг УИХ гаргасан ч төсөв мөнгөн дээрээ гацчихаад байгаа юм. Эрх баригчид ард нийтийн санал асуулгын зардалд 30 орчим тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулах тухай ярьцгаасан. Харин “Энэ мөнгийг Засгийн газрын нөөцөөс дайчлах эрхгүй. Тэгээд ч жилийн эцэс болж буй тул сангийн хөрөнгө зарцуулагдаад дууссан” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнээр УИХ дахь олонхын дэврүүн мөрөөдөлд саад тулгарсан юм. Ийм их хэмжээний мөнгийг төсвийн тодотгол хийхээс өөрөөр гаргах аргагүй ч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа “Ямар ч нөхцөлд төсөвт зардал нэмсэн тодотгол оруулахгүй” гээд амлачихсан. Энэ мэт шалтгаанаар ард нийтийн санал асуулга явуулах зардлаа хэрхэн олохоо мэдэхгүй будилж суугаа юм.
Үүнээс гадна өвөл хаяанд ирсэн, намрын их ажил өрнөж байгаа энэ үед санал асуулгад оролцох гээд шогшиж явах уу, хашаа хороогоо сэлбэж, буурь бууцаа янзалж суух уу гэдэг нь малчин монголчуудын хувьд том асуудал. Тиймээс ард нийтийн санал асуулгад оролцохгүй байх магадлал өндөр гэсэн үг. Хотынхон ч ялгаагүй. Д.Гантулга, Д.Мурат тэргүүтэй дуулианы эзэд, ЖДҮХС-гийн мөнгийг туучихсан гишүүдээс бүрдсэн, нэр хүнд нь унаж, хүлээн зөвшөөрөгдөх чадваргүй болсон парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах эрхгүй” гэсэн ганц өгүүлбэр л массыг ард нийтийн санал асуулга руу очих замаас нь эргүүлж дөнгөнө. Энэ үгийг хэлэх хүн нь ч бэлэн байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хүссэнээрээ “самарч”, УИХ дахь үнэмлэхүй олонхоор тааллаараа тоглоод, эцэст нь өөрийн оруулсан санал, төслийг бүхэлд нь татсанаа мэдэгдсэн Ерөнхийлөгч, сонгууль дөхсөн энэ үед боломж бүрийг алдалгүй ашиглаж, эрх баригчдыг муухай харагдуулах сонирхлоо яагаад ч дарж чадахгүй сөрөг хүчин хоёр төслийг батлуулахгүйн төлөө онь холбоно. Тэдний өрнүүлэх улс төрийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл давж гарахад бэрх. Ингээд ард нийтийн санал асуулгын ирц хүрэхгүй байх, хүрлээ гэхэд төсөл дэмжигдэхгүй байх эрсдэл асар өндөр болчихоод буй нь санхүүжилтээс ч илүү тулгамдсан асуудал билээ. Тиймээс УИХ-д үнэмлэхүй олонхын суудалтай эрх баригч хүчин санаанд оромгүй арга бодож олсон нь парламентыг хугацаанаас нь өмнө тараах.
...УИХ-ыг тарааж, бусад улс төрийн хүчнийг сэхээ авч амжаагүй байхад сонгууль зохион байгуулан, намаа ялуулах МАН-ын даргын төлөвлөгөө хэрэгжвэл үр дагавар нь юу байх вэ. Парламент бол Монгол Улсын сонгосон засаглал. Бид парламентын засаглалаа улам сайжруулах, элдэв хар хор оруулахгүй тогтвортой, халдашгүй байлгах, төгөлдөршүүлэхийг зорьж байгаа биш бил үү...
ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА, ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ЮУ БОЛОХ ВЭ
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН дахь бүлэглэлүүдийг зангидах нөлөө бүхий хүмүүсийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрөөндөө цуглуулж, цагийн байдлыг үнэлж цэгнэн, гарц гаргалгаа хайж бай
гаад УИХ-ыг тараах саналаа хэлсэн гэсэн “бор шувуу” нисээд хэд хонож байна. Ингэхдээ “Ард нийтийн санал асуулга явуулахад 30 шахам тэрбум төгрөг, хэдхэн сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд мөн л үүнээс багагүй мөнгө зарцуулна. Ингэж хоёр ажил удаж, их зардал гаргаж байхаар хамтад нь хийчихье” гэсэн, олон нийтийн хэмнэх сэтгэлгээнд нийцэж, дэмжлэг авахуйц тайлбар дагуулахаа ч тооцсон гэх.
Гэвч асуудлын гол нь төсвийн мөнгийг хэмнэх биш, харин яавал намдаа, өөрсдөдөө ашигтай байх, улс төрийн амьдралаа уртасгах, албан тушаалд улирах тухай л бодоцгоожээ. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах бичигт гарын үсэг зурсан гишүүд үүнийгээ ил тод зарлан, сайрхаж байгаа нь үүний илэрхийлэл. Нэр дэвших эрх, сонгуулийн тойргоор бүрэн эрхийнхээ жил шахам хугацааг сольж буй тэд “Ард нийтийн санал асуулгаар далимдуулан ойрын хугацаанд УИХ-ыг тарааж, энэ намартаа нөхөн сонгууль хийвэл манай нам ялах боломж ирэх зун ээлжит сонгууль явуулснаас хол илүү” гэсэн үгэнд л найдсан хэрэг.
МАН-ын гэнэдүүлэн дайрах тактик үнэхээр ч давуу тал, ялалт авчрах магадлалтай. Эрх баригч хүчнээс УИХ-д ч бүлэггүй, хүчгүй, мөнгөгүй, туйлын сул дорой сөрөг хүчний байранд шилжсэн АН одоо ямар ч гэнэ сэргүй, сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтгүй, дотоод асуудлаа ч бүрэн цэгцлээгүй байна. Ээлжит сонгуулийн жил эхлэхийг хүлээн, амралтын байдалд нам жим суугаа тэдний энэ байдлыг ашиглах нь эрх баригчдын туйлын зорилго. Тэднийг сонгуулийн төлөвлөгөөгөө гаргаж, хүн хүчээ зузаатгаж, зохион байгуулалтад орж, “дайны байдал”-д шилжиж амжаагүй байхад МАН эрх мэдэл, мөнгө санхүүг атгаж байгаагийнхаа хэргийг гаргаж, төрийн албан дахь бат суурьтай “хөлөө” ашиглан, нүд ирмэхийн зуур дараагийн сонгуулийг зохион байгуулж, төрийн эрхийг “эзлэхээр” тооцжээ.
Зунжин амарч зугаалж, найр наадам хэсэж, тайвширсан хүмүүсийг утаа, замын түгжрэл зэрэг өвлийн асуудал бухимдуулж, энэ стрессээ эрх баригчдад наан, үзэн ядахаас өмнө, ойрын үед олон нийтийн таашаалд нийцүүлэн гаргасан Тост, Тосон бумбаас эхлээд Ноён уул хүртэлх шийдвэрүүдийн алга ташилт намжихаас урьтаж, АН тэргүүтэй өрсөлдөгч намуудыг сэхээ авахаас өрсөн сонгууль явуулах нь мэдээж МАН-д ашигтай. Ингэж тооцсон учраас ч гишүүд нь намын даргынхаа дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа. Хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгах гэж байхад л хууль тогтоох дээд байгууллагыг тараах бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд уралдан гарын үсэг зурж, үүнийгээ ил тод зарлан, сайрхаж буй нь ийм учиртай.
УИХ-ыг тараах саналыг 51 гишүүн (нийт гишүүний гуравны хоёр) дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн заалттай. Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн талыг баримталдаг, хүчтэй эсэргүүцдэггүй, цаашид хамтран ажиллах боломжтой гэж үзсэн УИХ-ын 40 гаруй гишүүн уг бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэдэнд тойрог амлан талдаа оруулсан. У.Хүрэлсүхийг эсэргүүцдэг гишүүд гарын үсэг зураагүй үлдсэн. Хүссэн тойргоо авах яриа хэлцэл хийж байгаа гишүүд ч бий” гэсэн “бор шувуу” ниссээр. Товчхондоо, УИХ-ыг тараах саналыг МАН-ын дарга гаргаж, үүнийгээ гишүүдээр дэмжүүлэх ажлыг ерөнхий нарийн бичгийн дарга нь гардан хийж буй гэх.
Ингэхэд иргэдээс мандат авсан, хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахад хүргэх эрх намын удирдлагад бий бил үү. УИХ-ыг тарааж, бусад улс төрийн хүчнийг сэхээ авч амжаагүй байхад сонгууль зохион байгуулан, намаа ялуулах МАН-ын даргын төлөвлөгөө хэрэгжвэл үр дагавар нь юу байх вэ. Парламент бол Монгол Улсын сонгосон засаглал. Бид парламентын засаглалаа улам сайжруулах, элдэв хар хор оруулахгүй тогтвортой, халдашгүй байлгах, төгөлдөршүүлэхийг зорьж байгаа биш бил үү. Хэдхэн хоногийн өмнө л Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентынх уу гэсэн сонголтын өмнө зогсож, сонгодог парламент бидний ирээдүй хэмээцгээж байгаагүй сэн үү.
Гэтэл одоо ямар ч аргаар хамаагүй ялалт байгуулж, төрийн эрхийг авахаар улайрсан нэг намын дарга УИХ-ыг тараах талаар ярьж, гишүүд нь үүнийг санал нэгтэй дэмжээд явж буй нь байж болох зүйл мөн үү. Одоо түүний төлөвлөгөө хэрэгжиж, хүсэл нь биелбэл цаашид ийм жишиг тогтож үлдэнэ. Хэн дуртай нь УИХ-ыг тарааж, хүссэн үедээ сонгууль явуулдаг болчихвол парламент зүгээр л улс төрийн тоглоом болж хоцрохгүй гэж үү. Парламентын дархлаа, халдашгүй байдал юу болох вэ.
Бэлтгэсэн: А.Амина