Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
Байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов. Тухайлбал, бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар болон Засаг дарга нарт даалгалаа.
Мөн бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож байгаа, эсэхэд хяналт тавих, хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник, тоног төхөөрөмжүүдийг талбайгаас гаргах, харуул хамгаалалт тавихыг Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт, хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахыг сайд С.Чинзориг, Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Хууль бусаар бичил уурхай эрхлэгчид журам зөрчин, өндөр хүчин чадалтай, эсвэл шаардлага хангахгүй техник, тоног төхөөрөмж ашигладаг, дүгнэлт гарсан талбайд бусдыг ажиллуулж, олборлолтын гэрээгээ худалдах, шилжүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй ажиллах зөрчил түгээмэл байдаг. Түүнчлэн хүдэр баяжуулах цех зөвшөөрөлгүйгээр барьж, хортой, аюултай химийн бодис ашиглах, нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулах явдал нийтлэг болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын танилцуулгад дурдсан байна.
УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ЗОРИЛГООР 28 МЯНГАН ГА ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж, ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчнээс 5-6 дахин өндөр үнэтэй байдаг аж.
Баруун бүсийг найдвартай эрчим хүчээр хангаж, Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газар төлөвлөж буй. Усан цахилгаан станц барихад шаардагдах 288.5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг нь улсын төсвөөс гаргах гэнэ.
УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОВ
Дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгохоор тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна.
Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног, төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах саналыг тариаланч, ногоочид тавьдаг. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож буй зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлахыг санал болгодог. Эдгээр санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байна.
ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ҮЕ ШАТТАЙ БУУРУУЛАХЫГ ДААЛГАВ
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банканд адил буюу 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Өнгөрсөн сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна. Тэдний олонх нь урт хугацаатай (30 хүртэлх сар) зээлийг 18 хувийн хүүтэй авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БОЛНО
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх асуудлыг ч хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.
Бэлтгэсэн: А.Амина