Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Захирамжаар УИХ-ын гишүүд 2019 оны есдүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг чиглэл болгожээ.
Гэтэл Ерөнхийлөгч өөрийн саналаа татаж, УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцүүлгээс гарч, мөн өөрсдийн саналаа татаж авснаар парламентыг тараах яриа эрчимтэй өрнөж байна.
Тухайлбал, МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ыг тарааж ээлжит бус чуулганыг зохион байгуулах тал дээр санал нэгдэж, одоогоор 47 гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсгээ зураад байгаа аж.
Харин УИХ дахь АН-ын зөвлөлөөс уг саналын эсрэг байгаа юм. Тус намын дарга С.Эрдэнэ "Эрх баригчид хариуцлагаас зугтах гэж УИХ-ыг тараахыг санаархаж байна. Муу ч гэсэн төрийн дээд удирдах байгууллага Парламентыг тараахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Хууль журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Түүнээс хэдэн дарга нарын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш л дээ. УИХ тарах үндэслэл нь "60 тэрбумын асуудал", "Жидүүчдийн хулгай" юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой. Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.