Саудын Араб Стамбул дахь консулын байраа сарын өмнө зарсан тухай Туркийн “Habeturk” телевизийн суваг мэдээлжээ. Уг байранд өнгөрсөн оны 10-р сард Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашкажи алагдсан юм. Станбул хотын нэр хүндтэй Левент дүүрэгт газарт байрлах уг барилгыг зах зээлийн үнийн гуравны нэгээр зарсан болохыг мэдээлэлд дурдсан. Харин Саудын Арабын консулын газар Стамбулын алслагдсан дүүрэг болох Сарыер руу шилжсэн бөгөөд АНУ-ын консулын байр хажууханд нь байрладаг гэнэ. АНУ-ын Washington Post сонинд ажиллаж байсан Хашкажи 2018 оны 10-р сарын 2-ны өдөр Саудын Арабын Станбул дахь Ерөнхий консулын газар очих үеэр алга болсон билээ. Үүний дараа түүнийг амийг тус дипломат төлөөлөгчийн газрын байранд хөнөөсөн нь тогтоогдсон юм. Сэтгүүлчийн цогцос одоо болтол олдоогүй байгаа. Аллагыг Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салмантай холбон хэвлэлийнхэн шуугьсан ч нотлох баримт дэлгээгүй. Турк, Саудын Арабын эрх баригчид уг хэргийг тусдаа мөрдөн шалгаж байгаа аж.