Даваа гарагт/2019.09.16/ Киргиз, Тажикийн улсын хил дээр буудалцаан болж, Киргизийн нэг хилчин амь үрэгдэж , зургаан цэрэг шархаджээ. Энэ тухай өнөөдөр Киргизийн Хилийн алба мэдэгдлээ. “Хил дээр болсон үйл явдлын үеэр Тажикийн талаас буудсан гранатад Хилийн постын ахлах түрүүч, “Бору” тусгай салааны байлдагч амь үрэгдэж, зургаан цэргийн албан хаагч шархдав. Хоёр байлдагчийн биеийн байдал хүнд байна” гэж мэдэгдэлд онцолжээ. Киргизийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев Мягмар гарагт Тажикстантай хил залгаа бүсэд ирсэн тухай Киргизийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ерөнхий сайд хил орчим бүс нутгийн оршин суугчидтай уулзахаас гадна хилийн нөхцөл байдлын талаар шуурхай зөвлөгөөн хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Киргизийн талын мэдэгдэж буйгаар хил дээрх буудалцаан 9-р сарын 16-ны орой болжээ. Буудалцаан гарах шалтгаан нь Тажикстан улсын иргэд маргаантай нутаг дэвсгэр дээр барилга барьсан явдал байсан гэнэ. Хоёр улсын хоорондох хилийн урт 970 км бөгөөд одоогийн байдлаар 519 км хилийн шугамыг батлаад байгаа юм байна.