Өнөөдөр /2019.09.17/ Нью-Йорк хотноо НҮБ-ын ээлжит 74-р Ерөнхий чуулган эхлэх гэж байна. Энэ удаагийн чуулган бүс нутгийн хурц мөргөлдөөнөөс авахуулаад өнөөгийн эдийн засаг, экологи, хүмүүнлэгийн гээд дэлхийн өмнө тулгараад буй 170 гаруй асуудлыг хэлэлцэх аж. 74-р чуулганыг өмнө нь тус байгууллагад суух Нигерийн байнгын төлөөлөгч байсан Тиджани Мухаммад-Банде даргалах юм байна. Өмнөх чуулганыг даргалсан Эквадорын төлөөлөгч Мария Фернанд Эспиноса түүнд тэргүүлэгчийн алхаа шилжүүлсний дараа Тиджани Мухаммад-Банде үг хэлж чуулганыг нээх аж. Тус олон улсын байгууллагын албан ёсны вебсайтад дурдсанаар тэрхүү алхны цохилт хурал эхлэх болон дуусахыг, өдрийн хөтөлбөрийг баталсныг, албан тушаалтнуудыг сонгох, тогтоол баталсныг мөн чимээгүй байхыг сануулдаг. 1960 онд тухайн чуулганыг удирдаж байсан тэргүүлэгч Ирландын Фредерик Boland ЗХУ-ын удирдагч Никита Хрущевын алдартай дэврүүн үгийг таслан зогсоох гээд алхаа хугалж байсан удаатай. Чуулган эхлэхээс өмнө Мухаммад-Банде терроризм ,өлсгөлөн, ядуурал, жендерийн тэгш бус байдал, зэвсэгт мөргөлдөөний үеэр гардаг хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх хүч чадлаа чиглүүлэхээ цохон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр цаг уурын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, боловсролын хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулна гэдгээ амлав. Ирэх долоо хоногт 114 орны төрийн тэргүүн, 80 гаруй засгийн газрын болон дипломат байгууллагын удирдагчид чуулганы индэр дээрээс үгээ хэлснээр энэ жилийн чуулганы өнгийг тодорхойлох аж.