Нийслэлийн Нэгдүгээр цэцэрлэгийн 11 хүүхэд цусан суулга өвчнөөр халдварлаж, дөрөв нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан хэллээ. Тус цэцэрлэгийн бага бүлгийн нэг ангийн 11 хүүхэд өнгөрсөн баасан гаргаас өвдсөн юм байна. Эцэг, эхчүүд нь холбогдох мэргэжилтнүүдэд хандсанаар ХӨСҮТ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Боловсролын газрынхан өчигдөр Нэгдүгээр цэцэрлэгт ажиллаж, бага бүлгийн хоёр ангийг хаан, хүүхдүүдээс шинжилгээ авчээ. Халдвар юунаас болж гарсныг хараахан тогтоогоогүйг Мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн. Эцэг, эхчүүдийн ярьж буйгаар тус цэцэрлэг энэ сарын 1-нээс халуун усгүй, аяга, шанагаа зориулалтын бус газарт угаадаг, хүйтэн устай гэсэн шалтгаанаар хүүхдүүдийн гарын ариун цэврийг муу сахиулсан нь халдвар тараах үндэс болсон гэж үзэж байна. Харин мэргэжлийн хүмүүс “Халуун усгүйгээс цусан суулга үүсдэг юм биш. Уг өвчин халдвартай тул нэг хүүхэд өвдсөн байхад бусдадаа тараах эрсдэлтэй. Шинжилгээний хариу гарахаар дэлгэрэнгүй мэдээлнэ” гэсэн юм.
Бэлтгэсэн: О.Ундрах