Австралийн тагнуулын алба парламентын болон улс төрийн намуудын дотоод сүлжээнд кибер халдлагыг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам үйлдсэн гэсэн дүгнэлтэд энэ оны гуравдугаар сард хэдийнээ хүрсэн байжээ. Энэ тухай Reuters агентлаг тус мөрдөн шалгах ажиллагаанд ойрхон таван эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Австралийн тагнуулын албаны кибер халдлагатай тэмцэх хэлтэс уг халдлага гарсны дараахан ийм дүгнэлтэд хүрсэн боловч тус улсын засгийн газар Хятадтай харилцаагаа муутгахгүйн тулд үүнийг ил болгохгүй байгаа тухай эх сурвалжууд ярьжээ. Австралийн Ерөнхий сайдын захиргааны хэвлэлийн төлөөлөгч энэхүү мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаар Reuters агентлагийн тавьсан асуултад хариулахаас татгалзсан байна. Хятад улс Австралийн төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний гол импортлогч тул Австрали Хятадтай худалдааны харилцаа холбоогоо улам идэвхжүүлж байгааг Reuters агентлаг тэмдэглэжээ. Энэ оны хоёрдугаар сард Австралийн тагнуулын алба тус улсын парламентын сүлжээ, түүнчлэн Либерал, Хөдөлмөр, Ардчилсан намуудын дотоод сүлжээг хакердаж байгааг илрүүлжээ. Энэ тухай Ерөнхий сайд Моррисон мэдэгдэхээ кибер халдлагын цаана гадаад улс байж магадгүй гэсэн боловч тодорхой улсыг заагаагүй байна. Кибер халдлагын үр дүнд хакерууд тус улсын татварын болон гадаад бодлоготой холбоотой баримт бичиг, засгийн газрын гишүүдийн хувийн захидал харилцааг гартаа оруулжээ.