Өчигдөр /2019.0/ ОХУ-ын Улаан Үд хотод орон нутгийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болжээ. Энэ сарын 8-нд болсон орон нутгийн сонгуулийн дараа тус хотод хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал цуглаан болоод байгаа аж. Эсэргүүцлийн жагсаал эхлээд энэ сарын 9-нд хотын төв талбайд болж сонгуулийн үр дүнг эргэж харахыг шаардахын зэрэгцээ "Путиныг хөөх" гэж Москвад очоод баригдсан Якутын бөө Александр Габышевыг суллахыг шаардсан байна. Цагдаа нар цуглааныг хүчээр тарасан явдал байдлыг улам хурцатгасан аж. Гэмтэж бэртсэн хүмүүсийн албан ёсны тоо одоогоор гараагүй байна. “Нэгдсэн Орос” намын нэр дэвшигч, Улаан-Үд хотын даргын үүрэг гүйцэтгэгч Игорь Шутенков 52 хувийн саналаар ялалт байгуулсныг иргэд будлиантай болсон гэж үзэж байна. Энэ үр дүнг коммунист намаас нэр дэвшсэн Вячеслав Мархаев хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрээр энэ удаагийн сонгуулийг “Миний оролцож байсан сонгуулиудаас хамгийн бохир, будлиантай сонгууль боллоо” гэж мэдэгджээ. Энэ удаагийн жагсаал “Цагдаагийн хууль бус үйлдлийн эсрэг, шинэ шударга сонгуулийн төлөө” уриан дор явагдаж байгаа аж. Жагсагчидтай уулзахаар Бурядын дарга Алексей Цыденов “Юбилейны” цэцэрлэгт хүрээлэнд ирсэн байна. Жагсагчид Цыденовыг "Шившиг", "Огцор", "Дахин сонгууль" хэмээн хашгирч угтжээ. Дараа нь тэд өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан олон зөрчилийн видео бичлэгүүдийг олон нийтэд үзүүлжээ. Буриадын дарга тэдгээр бичлэгүүдийг "эрх бүхий байгууллагад" шилжүүлэхийг санал болгосон байна.